“Эрүүл-Алтай” хөтөлбөрт ахлан ангийн 1500 гаруй сурагч хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл-Алтай” хөтөлбөрт Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлан ангийн 1500 гаруй сурагч хамрагдлаа.
Тодруулбал, уг хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран МСҮТ-ийн болон Есөнбулаг сумын сургуулиудын ахлах ангийн 1500 гаруй хүүхдэд эрүүл мэндийн боловсрол огохоор сургалт сурталчилгаа зохион байгуулж мөн үеэр 195 хүүхдийг яаралтай хариу гардаг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан байна.
Энэхүү хөтөлбөр нь Говь-Алтай аймагт хоёр дахь жилдээ аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжиж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд эмчийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, эрүүл амьдрах дадал хэвшил олгох сургалт сурталчилгаа, яаралтай хариу гардаг тест, шинжилгээнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагаа, эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг чанартай хүртээмжтэй хүргэхийг зорьж буйгаа зохион байгуулагчид онцлон мэдээлэв.