Дэлхийд гайхагдсан чамин брэнд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Монголчууд олон зууны тэртээгээс
нүүдлийн мал аж ахуй эрхлэн, малынхаа ашиг шимийг өргөн ашиглаж ирсэн түүхэн
уламжлалтай ард түмэн. Энэхүү уламжлалыг түгээн дэлгэрүүлж, уран сэтгэмжээрээ
урлалаа хөгжүүлэн яваа Хэнтий нутгийн уугуул Р.Мэнджаргал эгчтэй хэсэгхэн хөөрөлдлөө.
-Алт
мөнгө, эсгий эдлэлийн тансаг уламжлалыг улсдаа төдийгүй дэлхий дахинаа таниулж
яваа бүтээлч гэр бүлээр бахархахгүй байхын аргагүй юм. Нэлээд хэдэн жилийн өмнө Нью-Йоркт болсон
“Мерседес Бенз” загварын долоо хоногийн шоуны Катя Золын коллекц таны бүтээлээр
эхэлсэн. Энэ талаар хоёулаа яриагаа эхэлье?
-Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог энэ шоунд загвар
зохион бүтээгч Катя Зол 2014 онд ноос ноолуур, нэхий, эсгий, сарлагийн хөөвөр,
арьсан бүтээгдэхүүнүүдийг танилцуулах зорилгоор Монгол үндэсний хувцасны гурван
коллекц гаргасан. Бид орчин үеийн загвартай эсгий хувцаснуудыг хийсэн.
Бидний хийсэн эсгий хувцасны коллекцоор шоу нь эхэлж, бүтээлүүд маань тэндээ бүгд
зарагдсан байсан. Манай охидууд Монголын ноос ноолууран хувцасны мөнгөн
чимэглэлүүдийг хийдэг.
-Та
бүхний хийсэн чамин бүтээлүүд дотоодын төдийгүй гадаадын үзэсгэлэн худалдааг
хэр их чимж байна?
-Бид дотоодын үзэсгэлэн худалдаануудад алгасалгүй орно.
Баянзүрх дүүрэгт амьдардаг болохоор тэндээс зохион байгуулж байгаа үйл
ажиллагаануудад байнга оролцдог. Үзэсгэлэн худалдаанд оролцох үедээ Баянзүрх
дүүргийн “Чадварлаг гэр бүл”, нийслэлийн “Хөдөлмөрч гэр бүл” номинациудад
шалгарч шагнуулж байсан. Гадагшаа бол Орос, Хятад улсын
үзэсгэлэн худалдаанд оролцож байлаа. Америк, Герман, Япон, Австрали гээд олон
оронд бүтээгдэхүүнүүд маань захиалгаар очиж байсан даа. Эсгий эдлэлийн
бүтээгдэхүүнийг борлуулдаг “Цагаан алт” гэдэг дэлгүүр бий. Хийсэн зүйлсээ тэр
дэлгүүрээр борлуулж байгаа. Ер нь гадаадынхан гэлтгүй монголчууд маань их
хэрэглэдэг болохоор захиалга бол тасардаггүй.
-Мэнджаргал эгч маань Мөрөн суманд байхдаа эсгий ширж эхэлсэн үү?
-Үгүй ээ. Би Чандаганы уурхайд бичээчээр, нөхөр маань
жолоочоор ажилладаг байсан. Удалгүй ажилтнуудын цайны газар нээгдэхэд би ахлах
тогоочоор ажиллах болсон. Хүүхдүүд маань сургуулийн сурагч болсноор бид 1989
онд Мөрөн сумын төв рүү нүүсэн. Тэр үед Мөрөн суманд шинэ Ахуйн үйлчилгээний төв
байгуулагдан, би эрхлэгчээр томилогдсон юм. Энэ үеэс л би хоббигоо ажил хэрэг
болгож эхэлсэн дээ. Би угаасаа юм оёж, шидэх их дуртай хүн байгаа юм.
-Эсгий
ширмэлийг яг хэдийнээс бизнесээ болгон зах зээлд нийлүүлж эхэлсэн бэ?
-Намайг жаахан байхад эмээ маань гэрийнхээ хаяанд
суугаад арган дээр цагаан эсгийгээ тавиад ширдэг байсан. Тиймээс би эсгий ширэх
их хорхойтой байлаа. 2005 онд хотод ирээд дүүгийндээ очтол дүү маань “Женко
тур”–ын XIII зуун цогцолборын төсөлд хамрагдан, гутал хувцас хийж байсан.
Төслийг хариуцан ажиллуулж байсан зураач н.Ариунболд дүүгийнд маань ирээд ширмэл
ширдэг хүн байдаггүй, залуучууд сайн мэдэхгүй байна гэж ярьж байсан. Явсных нь
дараа дүүтэйгээ ярилцаад, маргааш нь очиж уулзсан. Гэтэл н.Ариунболд олзуурхан,
шууд л хамтарч ажиллах санал тавьсан. Тэр үед Малчны отог эхэлж байсан. Тэгээд
нэг зураач охинтой жуулчны бааз дээр очиж тэмээнээс хэмжээ авч, зураачтай ярин
зургаа гаргаад тэмээний битүү тохшийг 4-5 хоногт ширж байлаа. Тэгээд л би чинь нэг
баг ахлаад хэдэн залууст ширмэл зааж, Номын өргөө, Бөөгийн отог, Малчны отгийг
тохижуулах зүйлсүүдийг хийсэн дээ. Бид аяны богц, эсгий ширмэл үүд, нэхий
хөнжил зэрэг олон төрлийн бүтээл хийсэн. Энэ төсөл намайг ширмэл бүтээл хийхэд
хамгийн том практик сургалт болж байлаа.
-Их том
бүтээн байгуулалтад гар бие оролцжээ. Төслийн дараагаар шууд бизнесээ эхэлсэн
үү?
-Үгүй ээ. Төсөлд дөрвөн сар л ажилласан. Төслөө дуусгаад
Мөрөн рүүгээ буцаж, нөхөр маань мөнгөн эдлэл хийж, би эсгийгээ ширж байсан. 2007
онд том охины маань хань бурхан болж, зээ нараа харахаар би хотод орж ирсэн. 2008
онд “Ноос алтан боломж” хоршоонд нэгдсэн. Тэрнээс хойш одоог болтол байнга л
ширмэл эсгийнүүдээ ширж байна даа. Бид Ноён уулын булшнаас олдсон эсгий ширмэлээс
санаа аван өнөөгийн хүмүүсийн хүсэл сонирхолд нийцүүлэн ширмэл ширдэгний шинэ
хэрэглээг бий болгоод байгаа.
-Баялаг
бүтээгч гэр бүлийнхнээ та танилцуулаач?
-Г.Энхээ маань эмээл, хазаар, эмэгтэй хүний гоёл,
хормойн боолт гээд ахуйд чиглэсэн мөнгөн эдлэл хийдэг. Манай том охиныг Э.Батсүрэн
гэдэг. Политехникийн дээд сургуулийн мебель, дизайнерийн ангийг төгссөн. Э.Батдолгор
Дүрслэх урлагийн дээд сургуулийг монгол дарханаар төгссөн. Охидууд маань эсгий
ширнэ, мөнгөн эдлэлийн дарх хийнэ, бид хамтдаа бүх зүйлээ хийдэг. Миний хүү Э.Батбуян
Мөрөн сумын хоёрдугаар багийн малчин. Бага охин Э.Золзаяа энэ жил 12 дугаар
анги төгсч байна. Манай хүүхдүүд бүгдээрээ Мөрөн суманд төрж өссөн. Би Архангайд
төрж өссөн ч Хан Хэнтийн сайхан нутагтай ажил, амьдралаа холбосон хүн дээ.
-Шинэ
технологи, орчин үеийн шийдлээр эсгий эдлэл маань хэр шинэчлэгдэж байгаа вэ? Яг
одоогоор та ямар бүтээл хийж байна?
-Яг одоогоор “Бодь суварга” гээд эсгий зээгт наамал хийж байна. Би уламжлалт эсгий ширмэл хийдэг аргаа шинэ загвараар сонирхолтой, үзүүштэй, хэрэгцээт бүтээл хийхийг зорьж байгаа. Орчин үеийн шинэ шийдлээр бүтээл хийхээр сэтгэлдээ зураглаад, ноосоо бэлдчихээд байна. Одоо хийж байгаа бүтээлээ дуусгаад удахгүй эхэлнэ дээ.
-Өв уламжлалаа үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх, ахуй
амьдралаа чимж хэрэглэх агуу үйлсийг бүтээн байгуулж буй хөдөлмөрч гэр
бүлийнхэндээ аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.

