Ерөнхий сайд Чингис хотын нийтийн тээврийн үйлчилгээтэй танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-28 19:51:00

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хотод ажиллах үеэрээ нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа эко цахилгаан автобусны үйлчилгээтэй танилцлаа.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат хотдоо эко цахилгаан автобус нэвтрүүлэх санаачилга гарган ажиллаж, аймгийн удирдлага, УИХ-ын гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр ажил хэрэг болгожээ. Тэрбээр "Одоогоор найман автобус зургаан чиглэлд батлагдсан цаг, хуваарийн дагуу үйлчилж байгаа" хэмээн танилцууллаа.

Цаашид уг автобусны тоог нь нэмэх бөгөөд 50 автобусны буудлын зураг, шаардагдах төсвийг боловсруулан ирэх оны төсөвт тусгуулахаар төлөвлөжээ. УИХ-аар энэ асуудал дэмжигдвэл Чингис хот орчин үеийн шаардлага, өнгө үзэмжид нийцсэн автобусны буудалтай болж, нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн нэвтрэх боломжтой гэдгийг онцолж байлаа.

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 2500 төгрөгийн цахилгаанаар 100 км хүртэл явах хүчин чадалтай, тав тухтайгаас гадна ахмад настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа энэ жишээг төв суурин газруудад нэвтрүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд илэрхийллээ.

Related news