Экологийн цэвэр бүтээгдэхүүнийг нэмэлт өртөггүйгээр худалдан авах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ЗДТГ-аас санаачлан “Төв аймгийн өдрүүд” мах, сүү, цагаан идээ, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг аймгийн “Лавай” төвд аравдугаар сарын 05-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 23 удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, давхардсан тоогоор 2000 гаруй малчин, тариаланч, хоршоод, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 2004.3 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Үзэсгэлэн худалдаагаар Төв нутгийн брэнд болсон экологийн цэвэр бүтээгдэхүүнийг нэмэлт өртөггүйгээр үйлдвэрлэл эрхлэгчдээс худалдан авах боломжийг бүрдүүлж байна.
Төв аймгийн малчид, тариаланчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой ийм төрлийн үзэсгэлэн худалдааг жилд таваас доошгүй удаа зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ.
Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр ХХААХҮЯ, ХАА-н биржээс үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдэд дундын дамжлагагүй шууд борлуулалт хийх зорилгоор “Борлуулалт арга хэмжээ”-г 2019 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс мөн эхлүүллээ.
