ТӨВ: “Баргажин-2025” наадмын нээлтийг баатарлаг эрсийн их үйлсээс сэдэвчилж зохиожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Барга түмний их хүндэтгэл ёслолын илэрхийлэл “Баргажин-2025” наадам Зуунмод сумын Өв соёлын өргөө цогцолборт боллоо. Нээлтийг баатарлаг барга эрсийн их үйлсээс сэдэвчилж зохиосон байна. Тухайлбал, нээлтийн урлагийн хэсгийг "Монгол туургатан" театрын уран бүтээлчид найруулж, үзүүлбэр бүрд иргэд оролцжээ. Мөн нээлтийн үеэр Манлайбаатар Ж.Дамдинсүрэн морь хөлөглөн, эрэлхэг зоригт үйлсийг бүтээхээр явж буйгаар дүрсэлснээс гадна Галзууд хал, Шарайд хал, Харгана хал, Хальбан хал, Хөвдүүд хал, Бодонгууд хал, Цагаангууд хал, Хуасай хал, Хүйслэг хал, Гучид хал, Донгоод хал, Еншөөбү буюу Өнчөөвөд хал, Авгачуул хал, Жоргоон буюу Жорон хал, Улиад хал, Өзөөн хал, Сээхар хал, Алтчин хал, Нумчин хал, Дайртан хал овгийн жагсаалыг түүчээлэн орж ирж наадамчин олныг баясгав. Баргадай баатрын түүхээс улбаалсан “Алтан туурайн гайхамшиг” компанийн “Сэртэн” морьтон цогцолборын морин циркийн үзүүлбэр үзүүлсэн нь баяр, наадмын чимэг, онцлог байлаа.
Наадмыг ССАЖЗЯ-наас Төв аймагтай хамтран зохион байгуулж, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид, Дорнод, Говьсүмбэр, Улаанбаатар хот, 27 сумын төлөөлөл, Зуунмод сумын иргэд, наадамчин олон оролцжээ.
Авдарбаяны баргын тухайд сонирхуулахад, Баргын Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн нөлөө, Монгол Улстай нэгдэх хүсэл зорилготой нутгийн хамба лам Базаргарьдоо, гүн Жамбал нарын удирдлагаар Хөлөнбуйрын Шинэ барга баруун гарын Гүл шар хошуунаас 240 гаруй өрх, 1340 хүн ам, 100 маянга нэлээн гаруй тооны мал сүрэг бүхий баргачууд 1917 оны зун Монгол Улсад нүүж ирсэн түүхтэй. Тэд Улз голыг өгсөн нүүсээр Чандаганы талын аргын уулсаар өвөлжиж, 1918 оны хавар эрт Хэрлэн гол гатлан малаа төллүүлээд зуны сүүлч намрын эхээр Богд уулын өвөр Авдар уулын орчим нутаглажээ. Нүүдлийг тухайн цаг үеийн баячууд эхлүүлсан байдаг. Удирдсан хүмүүс нь их хүрээнд ирж Богдод бараалхан шавь болох хүсэлт гаргасныг Богд хаан ёсоор болгож, өөрийн Их шавийн овогт авч Манзушир хутагтын шавь болгон Авдар баян уулын нутагт газар олгон суулгаснаар Авдарбаяны барга хэмээн нэрлэх болсон байна.