Дөрвөлжин сум тогтвортой хөгжлийн төлөвлөгөө бүхий анхны сум болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сум аймагтаа анх удаа сумынхаа
тогтвортой хөгжлийн төлөвлөгөө, “Нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө”, “Аялал
жуулчлалын менежментын төлөвлөгөө”-г батлуулан мөрдөн
ажиллаж байна.
Тус сум
дээрх төлөвлөгөөгөө цаасан дээр буулгаад зогсохгүй ажил болгож эхэлжээ. Тухайлбал
тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнийхөө хүрээнд сумандаа ажлын байрыг нэмэгдүүлэх,
нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Хомын талын тахь”
төслийн шугамаар чацарганы цех, сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээр оёдлын цехийг байгуулан тогтвортой
ажиллаж байна. Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах чиглэлээр сумын
төвийнхөө
гудамж бүрийг гэрэлтүүлэгтэй болгож, сайжруулсан зам,
цэвэр ус, дулааны төвлөрсөн хангамжийг бий болгожээ. 2019
онд улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн
цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж аймгийн
төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн барилгадаа их засварыг хийжээ. Ингэснээр цэцэрлэгийн хүүхдүүдийн хамран сургалт
сайжирч иргэд тохь тухтай соёлын төвд соёл хүмүүжил, олон нийтийн
ажлыг тогтмол хийдэг болсон тухайгаа Дөрвөлжин сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Уул уурхайн компанитай
100 сая төгрөгийн гэрээтэй ажиллаж байна
Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй "Баян айраг" ХХК-ийн
зүгээс жилд 100 сая төгрөгийн хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна.
Тус компанийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн хоёр жилд гурван өрмийн худгийн цооног, сургуулийн хүүхдийн хөлбөмбөгийн талбай, цэцэрлэгийн нэг бүлгийн иж бүрэн тавилга, тоног төхөөрөмжийг нийлүүлээд байна. Тус компани нь Эрдэнэхайрхан болон Дөрвөлжин сумын иргэдийг ажлын байраар хангах нийгмийн олон талын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр иржээ. Мөн сумын оёдлын цехтэй хамтран ажиллаж сумын төвийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж газар тариалан, зөөлөн оёдлын бүтээгдэхүүнүүдийг компанийн зүгээс тодорхой гэрээний хүрээнд худалдан авч дэмжлэг үзүүлдэг байна.
"Баян айраг" ХХК-аас дээрх сумдын сурч, боловсрох үйл хэрэгт бусдыгаа манлайлагч
оюутнуудыг дэмжин урамшуулах зорилгоор "Шилдэг оюутан" тэтгэлэгт
хөтөлбөрийг жил бүр зарладаг ажээ. Хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгт хамрагдах
оюутнууд нь заавал дээрх сумдын иргэн байх бөгөөд төв, орон нутгийн их
дээд сургуулийн бакалаврын хоёр ба түүнээс дээш курсийн оюутнууд байна. Мөн
сурлагын голч дүн нь 85 хувиас дээш оноотой буюу 3,0 дүнтэй байх ёстой ажээ. Түүнчлэн
хөтөлбөрт хамрагдах оюутнууд хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангахаас гадна “Хувь
хүний хөгжил миний ирээдүйн төлөвлөгөө”, “Сум орон нутгийнхаа аж амьдралыг
дээшлүүлэхэд миний оролцоо” сэдвийн дор 800-1000 үгтэй эсээ бичиж өрсөлддөг байна.
Тухайн жил шалгуурт тэнцсэн оюутныг
тоо харгалзахгүйгээр шалгаруулж тэтгэлэгт
хамруулдаг ажээ.