Р.Хатанбаатар: Ардчиллыг шаардсан жагсаал орон нутагт эхлэхээс өөр аргагүй байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunbold@montsame.gov.mn
2019-12-12 18:05:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн өрнөсний 30 жилийн ой энэ сарын 10-нд тохиосон. Уг ойг тохиолдуулан 30 жилийн тэртээ Монгол Улсад өрнөсөн ардчилсан хөдөлгөөний түүхийн талаар Ардчилсан социалист хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Р.Хатанбаатартай ярилцлаа.


-Ардчиллын үнэ цэн юун дээр тогтдог вэ?


-Ардчилал гэдэг бол эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх юм. Өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрхийг хангасан хуулийг ардчиллын суурь хэмээн үзэж болно.


-Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөх эхлэл хэрхэн тавигдаж байв. Түүхээс нь хуваалцвал?


-Монгол Улс өмнө нь бол ЗХУ-ын Эдийн засаг харилцан туслах зөвлөлийн тусламжид тулгуурлан “амьдарч” байсан. Улсын төсвийнхөө 70 хувийг зээлийн хөрөнгөөр бүрдүүлж байсан гэх мэт олон тоо ярьдаг л юм. 1980-аад оны сүүлээс ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлсэн. Социалист систем задарч байхад бид зүгээр хараад сууж болохгүй байсан тул ардчиллын үзэл санаа Монголд хүчтэй түгж эхэлсэн. Ардчилсан хөдөлгөөнүүдийн дийлэнх нь Монголын сэхээтнүүдийн цугларал болсон МУИС-д эхэлсэн байдаг юм. С.Зориг нарын Монголын ардчилсан холбоо (МоАХ)-ныхон МУИС-ийн хичээлийн II байранд, Ардчилсан социалист хөдөлгөөн I, III байранд төвлөрч байлаа. Шинэ дэвшилтэт холбоо МУИС-ийн IV байранд цуглаж байв. Ер нь бол анхны хөдөлгөөний дийлэнх нь МУИС-ийн эрдэмтэн багш, оюутнууд байсан.

Миний хувьд МУИС-д математикийн багшаар ажиллаж байсан. МУИС-ийн Физик, математикийн факультетынхан 1989 оны намраас эхлээд нийгмийг хэрхэн өөрчлөх талаар ярилцах болсон. Ингээд миний бие болон иргэн Д.Лхамжав, П.Улаанхүү, А.Ганбаатар зэрэг залуус нэгдэж, ардчилсан хөдөлгөөний хоёр дахь том хөдөлгөөн болох Ардчилсан социалист хөдөлгөөнийг 1989 оны 12 дугаар сард байгуулж байлаа. Улмаар 1990 оны нэгдүгээр сарын 4-нд анхны Тунхгаа баталсан. Тунхагт “Энэ нийгмийг үндсээр нь өөрчлөх ёстой”, “Хувийн өмчийг бий болгох ёстой”, “Хүний эрх, эрх чөлөөг хангах ёстой” зэрэг хуучин нийгмийн үед амьдарч байсан зарим хүмүүсийг айлгах үгс байлаа. Дараа нь бидэнтэй Баабар, Р.Гончигдорж нарын залуус нэгдэж, хөдөлгөөн улам бүр хүрээгээ тэлж, Монголын социал демократ намыг байгуулж, 1990 оны гуравдугаар сард намынхаа анхны эх хурлыг хийж байлаа. Энэ бол шинэ нийгмийн үед намын их хурлаа хийсэн анхны тохиолдол байсан юм. 1990 оны гуравдугаар сарын 4-нд ардчилсан хөдөлгөөний хамгийн том жагсаал Ялалт кино театрын гаднаас хөдөлж, Ардын их хуралд өргөх бичгээ хүргүүлэх үед Сүхбаатарын талбай жагсагчдаар дүүрч байлаа. Үүний дараа удалгүй улс төрийн өлсгөлөн эхэлж, улмаар БНМАУ-ын Улс төрийн товчоо огцорч, Монгол Улс ардчиллын зам руу орсон юм. Ингээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, байнгын ажиллагаатай парламенттай байх, улс маань Ерөнхийлөгчтэй байх, Засгийн газар танхимын зарчмаар ажиллах зэргийг тусган, тухайн оныхоо 7 дугаар сарын 29-нд анхны ардчилсан сонгууль зохион байгуулж байлаа. Үүнээс хойш хүн бүрийн мэдэх ардчилсан нийгэм хөгжиж эхэлсэн.


-Ардчилсан социалист хөдөлгөөнийг яагаад МоАХ-ноос тусдаа байгуулах болсон бэ?


-МоАХ бол Ардчилсан социалист хөдөлгөөнөөс өмнө байгуулагдсан. Бид МоАХ-ын талаар судалж байгаад тусдаа хөдөлгөөн байгуулах замыг сонгосон юм. Тодруулбал, хоёр хөдөлгөөн Монгол Улсыг ардчилсан нийгэмд шилжүүлэх үндсэн зорилготой ч арга зам нь өөр байсан. МоАХ биднээс илүү хурц, ширүүн аргаар тэмцэх замыг сонгосон байсан юм. Гэхдээ МоАХ биднээс илүү олны дэмжлэгийг авсан хүчин байсан тул яваандаа бусад хөдөлгөөн тус холбоог дэмжиж эхэлсэн юм.


-Ардчилсан хөдөлгөөн анх орон нутагт эхэлсэн. Аль аймаг хамгийн идэвхтэй оролцож байв?


-Ардчиллыг шаардсан жагсаал орон нутагт түрүүлж эхлэхээс өөр аргагүй байсан тул Ховд аймагт оюутнууд, Эрдэнэтэд ажилтнууд, Хөвсгөлд нутгийн иргэд жагссан юм. Өөрөөр хэлбэл, хүн ам багатай газруудад ардчилсан хөдөлгөөн өрнүүлж буй хүмүүсийг барьж хорих магадлал өндөртэй, хавчих, шахах нь их байсан. Харин Улаанбаатарт байгаа олон хүнийг шууд барих боломжгүй байсан тул орон нутагт эхэлсэн юм.


-Улс төрийн өлсгөлөн ардчилалд шилжих тэмцлийн оргил үе байсан. Тухайн үед өрнөж байсан үйл явдлуудаас дурдвал?


-Улс төрийн өлсгөлөн бол нэг намын дарангуйллыг унагаах тэмцлийг хурдасгах маш чухал үйл явдал байлаа. 1990 оны гуравдугаар сарын 6-нд ардчилсан хөдөлгөөний дөрвөн хүчний удирдлагууд МУИС-ийн III байранд цуглаж, өлсгөлөнг Мартын 8-ны баярын дараа эхлүүлэх эсэхийг ярилцаж байсан. Гэхдээ өлсгөлөн дөрвөн хүчний удирдлагуудад захирагдахгүйгээр шууд эхэлж, иргэд Сүхбаатарын талбайд цугласан юм. Энэ үеэр тухайн үеийн АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх гуай тун ухаалаг шийдвэр гаргаж, Улс төрийн товчоо огцорсноор нэг намын дарангуйлал унаж, шилжилтийн замд орсон. Энэ улс төрийн өлсгөлөнгийн хүчтэй давалгаанд тулгуурлан  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, сонгуулийн хууль батлах, ардчилсан сонгууль зохион байгуулах зэрэг ажлыг амжиллтай хийсэн.


-Ер нь ардчиллын "баатар"-аар та хэнийг нэрлэх вэ?


-Эрх чөлөө, шударга ёс, тэгш эрхийг тогтоох ардчилсан хөдөлгөөнд нэгдэж байсан хүн бүр баатар. Ардчилсан хөдөлгөнийг удирдан чиглүүлж байсан С.Зориг, Э.Бат-Үүл, Дарь.Сүхбаатар, иргэн Д.Лхамжав, П.Улаанхүү, Баабар, Р.Гончигдорж, Да.Ганболд нарыг бид анхдагчид хэмээн хүндэтгэн үздэг. Түүнээс гадна аймаг, сум бүрт ардчилсан хөдөлгөөнийг манлайлж байсан, оролцож байсан хүмүүс бүгд баатар юм.


-Та бүхний хүсэж байсан ардчилал өнөөгийн Монголын нийгэмд хэр биеллээ олсон гэж та үзэж байна вэ?


-Монгол Улс ардчиллын замаар 30 жил явлаа. Тухайн үед бидний хүсэж, бодож, төсөөлж байсан олон зүйлийг хөгжлөөрөө давсан. Дутуу зүйл ч бий. 30 жилийн өмнөх Монголыг өнөөгийнхтэй харьцуулахад хөгжил асар өөр. ДНБ-ий өсөлтөөс эхлээд иргэдийн аж амьдрал ч сайжирсан. Социалист нийгмийн үед байсантай ижил хэмжээний томоохон үйлдвэрүүд байхгүй ч барилга, зам тээвэр, үйлчилгээний салбар өндөр хөгжсөн орон болж чадлаа. Гэхдээ бид үүнээс илүү ч байж чадах байсан.

Социалист нийгмийн үед бүх хүн тэгш байсан ч хоногийн хоолоо л аргацааж байлаа. Ардчилсан нийгэмд шилжихэд бүгд ижил тэгш гараанаас гарсан. Тэр үеэс л овсгоотой, сэргэлэн, ажилсаг хүмүүс нь хөгжин, дэвшиж, хуучны сэтгэлгээгээр бэлэн юм хараад суудаг нь хоцорсон байна. Энэ мэтээр сайнтай, муутайгаа л явж байгаа. Социалист нийгэмд амьдарч байгаад ардчилалд шилжих мөчид хөл алдсан хүмүүсээ төр дэмжих ёстой. Хамгийн гол нь, өнөөгийн Монгол орон бол бие даан оршин тогтнож байна. Өмнө нь бол ЗХУ-ын Эдийн засаг харилцан туслах зөвлөлийн тусламжид тулгуурлаж байсныг дээр дурдсан. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр Монгол Улсын гадаад өрийн хэмжээ өндөр байгаа ч өөрсдөө болоод л явж байна. Цаашдаа бүсээ чангалаад зүтгэвэл гадаад өрөө төлж чадна.


-Та бүхний хүсэж байсан зүйлсээс аль дээр нь давж, аль нь дутуу явж байна вэ?


-Нийгэм өөрөө их олон талтай. Хамгийн хэцүү зүйл нь нийгмийн тэгш, шударга байдал алдагдаж байгаа асуудал. Анх бид ижил гараанаас гарсан. Харин одоо ижил гараа байхгүй. Бусдаасаа хоцорсон хүмүүсийг дэмжих төрийн бодлогод өнгөрсөн 30 жил алдсан. Цаашдаа нийгмийнхээ зорилтот давхаргыг дэмжих ёстой. Монгол оронд хэт улс төржих, намчирхах асуудал газар авсан байна. Уг нь бол улс төрийн намууд улс орноо хөгжүүлэхэд анхаарах ёстой. Үүн дээр манайх үнэхээр том алдаа гаргаж байгаа.


-Ардчилсан нийгэм бол төгс тогтолцоо биш гэж үзэх хүмүүс бий. Өмнөх нийгмийн сайн сайхныг дурсах хүмүүс ч цөөнгүй байдаг. Та бол үүнд ямар хариулт өгөх вэ?


-Өмнөх нийгэм Монгол Улсад олон сайхан зүйл авч ирсэн. Соёл, боловсрол, эрүүл мэнд гэх мэт. XX зууны эхэнд Монгол орон бол дундад зууны хоцрогдолтой орон байлаа. Харин XX зууны төгсгөлд соёлт ертөнцөд байх ёстой бүхнийг бүрдүүлж байсан. Ганцхан хүний эрх гэдэг зүйл байгаагүй. Өөрөөр хэлбэл хүн хичээж, хөдөлмөрлөж байж бусадтайгаа ижил тэгш байх бус “тэжээвэр” талаасаа тэгш байсан. Тэр системээр үргэлжлүүлсэн бол Монгол Улс дахиад хоёр жил ч оршин тогтнохгүй байсан тул ардчилсан нийгэмд шилжиж, өмч хувьчлал хийсний хүчинд тэсэж үлдсэн юм.

Related news