“Эх хэлээ дээдлэе" уралдааны эзэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 17:07:11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот тогтоолоор 5-р сарын эхний Ням гаригийг “Монгол үндэсний бичиг, үсгийн баярын өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын хүрээнд Хэнтий аймгийн Төв Номын сангаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран "Эх хэлээ дээдлэе" хичээнгүй бичиг, уран бичлэгийн уралдааныг зохион байгуулж шагналт байруудаа тодрууллаа. 

Уралдааныг ЕБС-ийн 7-9-р ангиудын дунд хичээнгүй бичгийн, 9-12-р ангиудын дунд уран бичлэгийн төрлөөр зохион байгуулжээ.

Нийт 123 хүүхдийн бүтээл ирснээс хичээнгүй бичгийн уралдаанд 101, уран бичлэгийн уралдаанд 22 хүүхдийн бүтээлээ ирүүлж, хичээнгүй бичгийн төрөлд тэргүүн байрыг Хэрлэн 4 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч Э.Маргадмарал, удаах байрыг Тэмүүжин ЦС-ын сурагч н.Отгонжаргал шалгарлаа. Харин уран бичлэгийн төрөлд тэргүүн байрыг Хэрлэн 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Т. Үнсгэлжингоо, хоёрдугаар байрыг Хан Хэнтий ЦС-ын 11а ангийн сурагч А.Уранцэцэг нар хүртлээ. 

Тус уралдаан нь нийтээрээ үндэсний өв соёл, уламжлагдаж ирсэн босоо Монгол бичгээ сурталчлах, үндэсний бичгээ чадмаг эзэмших, үр хүүхдэдээ зааж өвлүүлэх талаар өргөн олонд хүртээл болгох мөн, монгол ёс заншил, өв уламжлалыг судлах, сурталчлах зорилготой аж.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015,2016 оны "Эх хэл бичгээ эзмших эхлэлийн жил" болгон зарлаж үндэсний  дархлаа болсон эх хэлээ хайрлаж, хамгаалах, сурталчлан, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news