Москвачууд дугуйгаар ажилдаа явна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-10 16:48:12

МОСКВА./ТАSS/. “Унадаг дугуйгаар ажилдаа явцгаая” гэсэн уриа бүхий Бүх Оросыг хамарсан арга хэмжээ энэ сарын 20-нд болох бөгөөд түүнд ОХУ-ын нийслэл Москва хотын 10 мянга гаруй оршин суугчид оролцох гэж байна. Энэ тухай тус хотын цахим хуудсанд мэдээллээ.

Уг арга хэмжээнд оролцоно гэдгээ 60 гаруй томоохон компаниуд, Москва хотын захиргаа болон Холбооны Засгийн газрын хэд хэдэн яамд мэдэгдээд байна. “Ажилдаа дугуйгаар явж ирсэн хүмүүст олон төрлийн хөнгөлөлт, урамшуулал үзүүлнэ. Хотын гудамжуудад “эрч хүчээр цэнэглэх цэгүүд” байрлаж, дугуй унасан иргэдийг цэвэр ус, жимсээр дайлах болно” гэж цахим хуудасны мэдээлэлд онцолжээ.

20-ны өдөр хотын кафе, ресторан, дугуй засварын газрууд болон гоо сайхны салонууд дугуйгаар зорчиж буй москвачуудад үйлчлэхдээ үнийн хөнгөлөлт үзүүлэх гэнэ. Москвагийн “Велобайк” гэдэг дугуй түрээслүүлэх газрынхан үйлчилгээндээ түр зуурын тусгай тариф нэвтрүүлэх бол цахилгаан галт тэргээр дугуйгаа үнэгүй зөөвөрлөж болох аж.

“Ажилдаа унадаг дугуйгаар явцгаая” кампанит ажил нь дугуй бол автомашиныг орлохуйц үр ашигтай тээврийн хэрэгсэл бөгөөд хотын нийтийн тээвэрт тус нэмэр болно гэдгийг харуулах зорилготой юм. 

Д.Нямтулга

Related news