У.Даваажав: ЭЕШ өгөх хүүхдүүд гаднаас ямар нэг бал, харандаа авч орох шаардлагагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-30 22:41:28

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 12  дугаар ангийг 750  сурагч төгсөж байна. Ийнхүү ЭЕШ хэрхэн бэлтгэж буй талаар аймгийн БСУГ-ын дарга  У.Даваажавтай ярилцлаа.

                                

-Энэ жилийн ЭЕШ-д аймгийн хэмжээнд нийт хэдэн сурагч, хэчнээн судлагдахуун хичээл сонгож бүртгүүлэв?

-Төв аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 12  дугаар ангийг 750 сурагч төгсөж байна. Үүнээс 715 сурагч 10 судлагдахуун хичээлээр ЭЕШ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлсэн байна. Энэ жилийн хувьд математикийн хичээлийг хамгийн их буюу 610 хүүхэд сонгосон  бол, түүхийн хичээлийг хамгийн цөөхөн буюу 18 хүүхэд сонгосон байгаа. 715 хүүхдээс ЭЕШ-ыг хичээл сонголтооороо нийтдээ 2691 давхардсан тоогоор шалгалт өгөхөөр байгаа.

-Энэ жилийн шалгалтыг хэзээ зохион байгуулах вэ?

-Энэ жилийн ЭЕШ-ыг Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуульд 7 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг тавдугаар сарын 11-нээс эхлэн танхимаар олгож эхэлсэн. Энэ дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу танхимын сургалтыг зохион байгуулж байна.

-Аймгийн Боловсрол соёл урлагийн газраас төгсөгчид рүүгээ чиглэсэн ямар ямар ажлуудыг хийсэн бэ?

-Бид “Төгсөгчдийн сонин”–ыг 12 дугаар анги төгсөж байгаа нийт хүүхдүүддээ тараан өгч, тухайн сониноос авах мэдээллүүдийг өгч ажиллаж байна. Мөн аймгийн Засаг даргын зүгээс нийт төгсөж байгаа 715 хүүхэд, 12 дугаар ангид хичээл зааж байгаа 187 багшид 9GB дататай Мобикомын шинэ дугаар болон “Багшийн туслах найман зуу” гэсэн ЭЕШ-д бэлтгэх цахим хуудсыг худалдан авах төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн.

-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ЭЕШ-д ямар ямар арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа талаар дурдахгүй юу?

-Аймгийн БСУГ-аас ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалтыг өмнөх жилүүдээс арай өөр арга барилаар ажиллахаар төлөвлөн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Тухайлбал 4 дүгээр сарын 23-ны өдрийн Төв аймгийн Засаг даргын 04 тоот ЭЕШ-ын бэлтггэл ажлыг хангах албан даалгаврыг хүлээж аваад ЭЕШ-д бэлтгэх ажлын хэсэг гаргасан бөгөөд ажлын хэсэгт зөвлөх багш нар 10 судлагдахуунаар нийт 42 багш ажиллаж байна. Мөн 12–р ангийн ЭЕШ-ыг хариуцан судлагдахуун бүрт нийт 187 багш ажиллаж байна. Нэн тэргүүнд ЭЕШ-ын сорилыг 3-аас доошгүй байхаар зохион байгуулж ажилласан. Эхний сорилыг 4 дүгээр сард, удаах сорилыг 5 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулсан. 3 дахь сорилыг  6 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Мөн хүүхдүүд танхимд хичээллэх боломжгүй тул эхний сорилыг цахимаар зохион байгуулсан. Цахим сорилтын үр дүн муу гарсан. Тиймээс хоёр дахь удаагийн сорилын бэлтгэл ажлын үед ЕБС-аас 12-р ангийн хүүхдүүдийг тусгайлан бэлдүүлэх хүсэлт эцэг эхчүүд болон багш нараас ирсэн тул Аймгийн Засаг даргын 5 дугаар сарын 20-ны 01/728 албан тоотоор аймгийн хэмжээнд ЭЕШ өгч байгаа хүүхдүүдээ бэлтгэл хангах зорилгоор 05 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Засгийн газрын үүрэг чиглэл, халдвар хамгаалалын  шаардлагыг хангаж ЕБС-уудыг 12-р анги төгсөгчдийн танхимын давтлагын эхлүүлсэн. Энэ үеэр хүүхдүүдтэй ажиллах боломжгүй багш, ажилчид хүүхдүүддээ зориулж амны хаалт оёж бэлдсэн байсан. Энэ амны хаалтаа зүүлгэх, ангиуддаа ариутгал халдваргүйжүүлэлт хийх, 2 цаг тутамд агаар салхи сэлгэх, гар ариутгагч байршуулах, нэг ангид 10 хүүхэдтэй богино цагаар давтлага өгөх, ширээ хоорондын зайг 1,5-2 метрийн зайтай байрлуулах зэргээр ангиа бэлдэж танхимын давтлагаа явуулж эхэлсэн.

-Сумдын сургуулийн хүүхдүүд ЭЕШ-ын танхимын давтлагад бүрэн хамрагдаж чадсан уу?

-Аймгийн Засаг даргын захирамжаар 12-р ангийн төгсөгчдийг дотуур байранд байлгах шийдвэр гаргасан. Тухайлбал алслагдмал сумдаас мөн малчдын хүүхдүүд айлд байх хэцүү гэсэн асуудал их байсан тул хүнс, дотуур байрыг нь бэлдэж хүүхдүүдээ танхимын давтлагад хамруулсан. Тиймээс бүгд хамрагдаж одоо шалгалтын бэлтгэл ажлаа хийсээр байна.

-Сурагчид шалгалтын үед дийлэнх гаргадаг ямар алдаа байдаг вэ?

-Анх удаа өгч байгаа болохоор хүүхдүүдэд айх, мэддэг зүйлээ мартах үе цөөнгүй. Мөн техникийн алдаа их гардаг болохоор аймгийн БСУГ-аас энэ жилийн төгсөгчдийн ЭЕШ өгөхдөө гаргадаг техник  алдаа гаргуулахгүйн үүднээс хариултын хуудас дээр ажиллуулж байна. Үүнийг бөглөөд сурчихвал ЭЕШ өгөхдөө техник алдаа гаргаж оноогоо дутуу авах, дутуу бөглөж алдахгүй байхаас урьдчилан сэргийлж байгаа юм. ЭЕШ-ын ажлын хэсэгт ажиллаж байгаа багш нар хүүхдүүдтэй ажиллахдаа ЭЕШ өгч байгаа юм шиг сэтгэлзүйн бэлтгэл оруулж ажиллаж байгаа. Тодруулбал аймгийн БСУГ-аас ЭЕШ-ын дүн уншдаг хариултын машинаар тухайн үед нь шууд уншуулаад дүнг нь танилцуулж байгаа болохоор хүүхдүүдийнхээ түвшинг шууд хараад явж байгаа. Мөн багш нар, хүүхдүүд, эцэг эхчүүдийн гурвалсан оролцоогоор хамтарч ажиллаж байна. Учир нь хүүхэд мэргэжлээ сонгоход эцэг эхчүүдийн оролцоо чухал шүү дээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ямар хичээлд сайн байгаа, цахим шалгалтаа хэрхэн өгч байгаа зэргийг хамт байж харж байгаа болохоор хүүхдүүдтэйгээ ярилцаж зөвлөхөд маш чухал.

-Энэ жилийн ерөнхий шалгалт бэлдэж байгаа  хүүхдүүдээ анхааруулж хэлэх зүйл юу байна вэ?

-ЭЕШ өгөх гэж байгаа сурагчдад Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулж байгаа дараах ажлууд байна. Нэгдүгээрт бид нар TUV.BSUG.EDU.MN сайтаар дамжуулан хүүхдүүдэд лайв бичлэг болон мөн ЭЕШ-д аймгийн хэмжээний зөвлөх багш нараар заалгасан видео хичээлүүдийг бас энэ сайт дээрээ байрлуулж байгаа. Мөн төгсөж байгаа сурагчид Боловсрол соёл урлагийн газрын help.eec.mn сайт руу нэвтэрч 2020 ЭЕШ гэсэн хуудас руу ороод өөрийн сонгосон хичээлээ судлах боломжтой. 

-Шалгалтын үед халдвар, хамгааллын ямар арга хэмжээнүүд хийж байгаа вэ?

-УОК, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг нягт баримталж багш болон сурагчид амны хаалт зүүх, халуун хэмжих, ангид 2 метрийн зайтай суух, гар ариутгах, агаар сэлгэлт зэргийг тогтмол хийх тал дээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Мөн ангид ажиллах хянагч багш нарт эрүүл ахуйн шаардалагуудыг нэг ижил тавина. Хаалга, шатны бариулын ариутгал, бие засах өрөөний ариун цэвэр, анги танхимын агааржуулалт, сургуулийн эмчийн үүрэг, эцэг эхчүүд хүүхдүүддээ дархлаа дэмжих шингэн уух зүйл бэлтгэж өгөх, сургуулийн гадаад орчны эрүүл ахуй гэх мэтээр үйл явц, алхам бүрийг нарийн тооцож бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Шалгалтын үеэр сургуулийн эмчийг үүрэгжүүлж мөн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дархлааг дэмжиж шингэн зүйл уулгах, бэлдэж явуулах шаардлага тавьж ажиллаж байна. Хүүхдүүд орж ирэх хаалганаас эхлээд бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулах, орчны зураглал хийхээр мэргэжлийн хяналтын байгууллага, эрүүл мэндийн газартайгаа бид нар хамтарч ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Өмнөх жилүүдэд бид Элсэлтийн ерөнхий шалгалтад ирсэн хүүхдүүд, эцэг эхчүүдээ аймгийнхаа сургууль цэцэрлэг, дотуур байруудад хуваарилан байрлуулдаг байсан. Энэ жилийн хувьд болж өгвөл таруу байрлуулах чиглэлийг өгч хүүхдүүдээ нэг дор бөөгнүүлэхгүй байх зөвлөмжийг эцэг эхчүүддээ өгч ажиллаж байгаа.

 - ЭЕШ өгөх гэж буй хүүхдүүд юуг анхаарвал зохилтой вэ?  

- Нэн түрүүнд хүүхдүүд ЭЕШ-д бэлдэж, өөрийгөө амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, томьёоны хураамж, дэвтэр, ном зэргийг оруулахгүй. Мөн ЭЕШ-д ашиглах харандааг БҮТ-өөс тавьж өгөх учраас хүүхдүүд гаднаас ямар нэг бал, харандаа авч орох шаардлагагүй.  Ийм учраас хүүхэд зөвхөн өөртөө л найдах хэрэгтэй. Мэргэжлээ зөв сонгосон хүүхэд ирээдүйд амжилтад хүрэх зам нь дардан байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Related news