УИХ-ын гишүүн Д.Ганбат тойрогтоо ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 08:28:07

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймагт ажиллалаа.

Тэрээр тус аймагт ажиллах үеэрээ газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн, сургалтад оролцож Улсын Их Хурлаар батлагдсан хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй  мэдээлэл өгсөн байна. Тухайлбал Улаанбаатар хотоос 600 км-ээс хол алслагдсан Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд, Хөвсгөлд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон тухай дуулгаад дээрх алслагдсан аймгуудийн аж ахуйн нэгжийн төлөх орлогын албан татварыг 3 жилийн хугацаанд 50 хувь хөнгөлөх, 1000 км-ээс алслагдсан бол 90 хувь хөнгөлөх болсон гэдгийг танилцуулжээ.

Мөн тэрээр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын цогцолбор барилгын шав тавих ёслолын ажиллагаанд оролцсон байна. Баянхонгор аймаг нь бусад аймгаас хамгийн түрүүнд ийнхүү Цагдаагийн цогцолбор барилгатай болж байгаа бөгөөд барилгын ажил энэ оны 11-р сарын 30 нд дуусч, ашиглалтанд орох аж.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонор аймгийн боловсролын салбарын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсчээ. Баянхонор аймгийн 3 дугаар сургуулийн хувьд сургуулийн барилгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг үндэслэлээр акт тавьсан байна. Гэсэн ч одоог хүртэл энэ асуудал ямар нэгэн шийдэлд хүрээгүй гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байсан. УИХ-ын гишүүн Д.Ганбат сургуулийн барилгын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад нөхцөл байдлыг танилцуулсан, удахгүй шийдэгдэнэ гэдгийг хэлсэн байна.

Б.Мөнхзул

Related news