Хонхны баяр тэмдэглэсэн багшид хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 14:34:05

Хичээлийн жил дуусах дөхөж байгаатай холбогдуулан сургууль, багш нартай холбоотой санал гомдол ихээр тавигдаж байна. Тухайлбал аймгийн Засаг даргаас төгсөгчдийн хонхны баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан байтал багш нар сурагчдаас төгсөлтийн мөнгө татах, анги засварын мөнгө нэхэх асуудал тасрахгүй байгаа юм.

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал улсын хэмжээнд доголдолтой байгаагаас айл өрхүүд ч мөнгө төгрөгийн хомсдолд орж, хүүхдүүдийнхээ хүслээр мөнгө цацаад байх боломжгүй болж байна. Үүнтэй уялдуулан аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж, 12 дугаар анги төгсөх сурагчид гэрчилгээгээ бичиг баримт гардуулах ёслолын төдий байдлаар тэмдэглэх, бусад төгсөх ангиуд ямар нэг байдлаар хонхны баяр тэмдэглэхгүй байхаар захирамжилжээ.

Тиймээс хонхны баяр тэмдэглэсэн сургуулийн багш, удирдлагад зохих хариуцлага тооцохыг Боловсрол, соёлын газрын даргад үүрэг болгосон байна.

Анги засварын мөнгөний тухайд нэг айлын 2-оос дээш хүүхэд нэг сургуульд явдаг бол өргөдөл гарган хүсэлт тавиад хурааж буй мөнгөний 50 хувийг өгөх боломжтой аж.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news