Хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг ажлаараа ЗДТГ шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-05-31 19:48:16

Хэнтий аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс /ХГБХХ/, Цагдаагийн газар, НХҮХ-ээс зохион байгуулсан "Аюулгүй, амар тайван гэр бүлийн төлөө хамтдаа" аян  45 хоног үргэлжлэн дүнгээ гаргалаа.

Хүчирхийллийн хор холбогдлыг иргэд, олон нийтэд таниулж, хүчирхийллийг үл тэвчсэн, хүүхэд хамгааллыг эрхэмлэсэн үзэл хандлагыг төлөвшүүлэх замаар хүчирхийллийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан аян аймгийн 18 сумд, 2 тосгон, Чингис хотын 54 байгууллагыг хамран өрнөлөө. Аяны нэгдсэн дүн мэдээ гаргахад аяны хугацаанд аймаг, сумын 85 байгууллага хүүхэд хамгааллын бодлогоо батлан, 4 баг, 12 сум, 24 байгууллага гэр бүлийн хүчирхийллийн илрүүлэлтийн судалгаа хийж, 24 байгууллага "Амжилтын ард гэр бүл" уриан дор байгууллагынхаа ажилтанд бодит туслалцаа дэмжлэг үзүүлэн, давхардсан тоогоор хүүхэд, гэр бүлд чиглэсэн 577 үйл ажиллагааг зохион байгуулж, 14715 иргэнийг хамруулан, 59,932,300 төгрөгийг зарцуулжээ.

Аян зохион байгуулагчдын зүгээс "Гэр бүлийн харилцаа, хүчирхийлэл, эрх зүй, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгаалал" сэдэвт сургалтыг 2 сум, Хэрлэн сумын 6 баг, 34 албан байгууллагын 909 насанд хүрэгч, 223 хүрэгчдэд зохион байгуулж, мэдээлэл хүргэсэн байна.Мөн  аяны шилдэг байгууллагаар АЗДТГ, Чингис хотын 7-р цэцэрлэг, Хэрлэн сумын ЗДТГ, шилдэг сумдаар Баянмөнх, Бор-Өндөр, Баян-Овоо сумд, шилдэг багаар Хэрлэн сумын 7-р баг, 2-р баг, 3-р баг тус тус шалгарчээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news