Угийн бичгийн уралдаанаа дүгнэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төв, Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газартай хамтран тус сумын нийт өрх, иргэдийн дунд Хамгийн сайн ургийн бичиг” шалгаруулах уралдаан зохион байгууллаа.
Уралдааны шалгаруулах шатанд 20 гаруй иж бүрэн угийн бичиг үлдсэнээс хэд хэдэн шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулсан. Уралдаанд ирүүлсэн угийн бичиг нь Засгийн газрын 257-р тогтоолд заасан тэмдэглэгээ ”Угийн зураглал”, “Угийн шастир” гэсэн 2 хэсгээс бүрдсэн эсэх, Монгол хүний төрөл, удмын холбоог илэрхийлдэг нэршлийг хэрхэн ашигласан, угийн зураглал болон шастирыг бүтээсэн ур хийц нь үндэсний зан үйл уламжлалыг сэргээн сахисан байдал зэргийг харгалзан үзэж эхний байруудыг шалгаруулжээ. 1-р байрт Оргил багийн иргэн Их монгол овогт Дүгэрийн Цэвээн, 2-р байрт Жинст багийн Жинст овогт Ямааранзын Баянмөнх, 3-р байрт Харзат багийн Тайж овогт Юурайгийн Чинзориг нарын угийн бичгүүд шалгарч Түмэн багийн иргэн Х.Дулмаагийн угийн бичгийг тусгай байрт шалгаруулан 60 000- 120 000 төгрөгнийн мөнгөн шагналыг “ГЭРЧ БИЧИГ”-ийн хамт олголоо.
Аймгийн Насан туршийн боловсролын төв энэ хичээлийн жилд иргэд албан хаагчдын дунд “Угийн бичиг хэрхэн хөтлөх” сургалтыг зохион байгуулан айл өрх бүрийг “угийн бичиг”-ээ бичихийг уриалан ажилласны дүнд Алтай нутгийн 30 гаруй овгийн өрх гэр, иргэд угийн бичигтэй боллоо.
Говь-Алтай Ш.Цоодол