Э.Энхтуяа: Монгол аргаар хоолоо бэлтгэх нь "Хүннү" лоунжийн зорилго

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-20 14:17:48
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэтийн хоолны салбарт монгол хоолны шинэ жишгийг тогтоож уламжлалт, үндэсний хоолыг тренд болгож, үйлчлүүлэгчдийн хэдийнэ танил болсон "Хүннү" лоунжийн үүсгэн байгуулагч Э.Энхтуяатай ярилцлаа. 


-Анх яагаад хоолны салбарыг сонирхож, энэ чиглэлд ажиллахаар шийдсэн бэ?

-Миний ээж Монгол улсын мастер тогооч Алтангэрэл гэж хүн байдаг. Ээж маань анх нарийн боовоор мэргэшиж олон жил ажиллаж байгаад намайг ахлах сургуулиа төгсөх үед сургуулийн цайны газар ажиллуулж эхэлсэн. Энэ бүх үед ээжийгээ дагаж, суралцсаар ирсэн учраас хоолны салбарт ажиллаж тогооч болохоор шийдсэн.

-Энэ салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Одоо яг 11 дэх жилдээ ажиллаж байна.

-Та хоолны ямар чиглэлд мэргэшсэн бэ?

-Би хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментээр суралцсан. Энэ чиглэлээрээ ажиллаж урд нь европ хоолоор мэргэшсэн бол сүүлийн гурван жил монгол хоолоор мэргэшиж байгаа. Цаашид мэргэжлээ дээшлүүлж магистрт суралцах төлөвлөгөөтэй байна.

-Энхтуяа гэж хүний тренд хоол гэвэл ямар хоолыг нэрлэх вэ? 

-Нэрийн хоол гэвэл "Хүннү" лоунж дээр банштай цайгаараа нэлээд олонд танигдсан.

-Та хоолны цэс зохиох санаануудаа хаанаас авдаг вэ?

-Улаанбаатар хотод  ажиллаж байгаа, нэг ангид суралцаж байсан  Гантөмөр гэдэг тогооч ах байгаа. Тэр хүнээс маш их санаа авдаг. Миний хамгийн том зөвлөгч гэж хэлж болно. Мөн “Быстро” рестораны Ганзориг ах болон ээжээсээ зөвлөгөө авч санаа гаргадаг.

-Та ямар үед ажлаасаа таашаал авч бахархдаг вэ? Би яг зөв мэргэжлээ сонгож дээ гэж хэзээ бодож байсан бэ?

-Анх 6 жилийн өмнө улсын тэмцээнээс алтан медаль авах үедээ яг зөв мэргэжлээ сонгосон юм шиг санагдаж маш их бахархаж байсан. Тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорих нь аль түвшинд явж байгаагаа харах боломжийг олгодог юм шиг санагддаг. Түүнчлэн "Хүннү" лоунжийг нээсэн нь миний бас нэг бахархах зүйл. Манай гэр бүлийн байгуулсан ресторан үйлчлүүлэгчдийн таашаалд нийцэж, Эрдэнэт хотод өөрийн гэсэн байр суурийг эзэлж чадсан нь бахдалтай санагддаг. Цаашид орон зайгаа тэлэх ёстой юм байна гэж харж байгаа.

-Сайхан монгол хоол идье гэсэн Эрдэнэтийнхний хувьд хамгийн түрүүнд санаанд орох нь "Хүннү" лоунж гэж хэлж болно. Танай лоунжийн онцлог, бусдаас ялгарах давуу талыг юу гэж хардаг вэ?

-Амтлагч бага хэрэглэдэг. Хорхогийг хорхогоор нь хийдэг. Хорхоглосон махыг хоол болгоныхоо нэг орцонд оруулдаг. Жишээлбэл, шарсан хавирга гэхэд мах нь цаанаа нэг хорхоглосон амт мэдрэгддэг. Тэр бүгдийг монгол аргаараа хийдэг нь бидний хамгийн том давуу тал, бидний гаргасан брэнд гэж боддог.

-Одоо “Сalm” лоунжийг ажиллуулж байна. Үүний шалтгаан юу вэ?

-"Салм" лоунжийг анх манай найзууд нээж байсан. Тухайн үед хамт хоолны цэсийг нь гаргалцаж, мэдэх чадах зүйлээ зөвлөж байсан. Таван сарын өмнөөс манай найзуудын цаг зав, ажил нь амжихгүй болсон учраас надад цаашид ажиллуулаад явах санал тавьсан. Ингээд найзуудынхаа саналыг хүлээн авч, шинэ хоолны цэсээ нэвтрүүлээд ажиллаж байна. 


-Мэргэжлийн чиглэлээр зохиож буй тэмцээн, уралдаанд  хэр олон удаа оролцож байв?

-Тогооч болсноосоо хойш жил бүр аймаг, бүс, улсын чанартай тэмцээнүүдэд алгасалгүй оролцсон. Анх “Төвийн бүсийн тэмцээн”-д оролцож тусгай байрыг авч байлаа. Түүнээс хойш Эрдэнэт хотоо төлөөлөн бүс, улсын олон тэмцээнд оролцож шагналт байрууд эзэлсэн. Тухайлбал, 2015 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан улсын тэмцээнд “Амтлаг хоол”-ны төрлөөр алтан медаль авч байлаа. Түүнчлэн багийн төрөлд улсын аваргаас гурван мөнгөн медаль, төвийн бүсээс хоёр алтан медалийг Эрдэнэтдээ авчирсан. Ингээд бодохоор гаргасан амжилтууд их л дээ. Түүнийгээ бататгахын тулд Туркийн Истанбул хотноо зохиосон олон улсын тэмцээнд оролцож нэг мөнгө, хоёр хүрэл медальтай ирсэн. Сүүлд улсын аваргаас мөнгөн медаль хүртсэнээр нийт гурван мөнгөн медалийг авч Эрдэнэтийнхээ нэрийг гаргаж байлаа. Үүнийг мэдэх хүн ховор ч тэмцээн уралдаанд оролцоод Эрдэнэт хотынхоо, улсынхаа нэрийг гаргаад явах бидэнд маш их бахдалтай байдаг.

-Тогооч хүний хувьд баримталдаг хамгийн чухал зарчим юу вэ?

-Ариун цэврийг нэгдүгээрт тавьдаг. Хувцаслалт, орчин ахуй цэвэр цэмцгэр байснаар ямар нэгэн нян бактер үржихгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан хоолыг үйлчлүүлэгчид өгөх боломж бүрддэг.

-Та Эрдэнэтийн хоолны салбарын хөгжил ямар түвшинд байна гэж үздэг вэ? Давуу болон сул талыг нь юу гэж бодож байна?

-Одоо л хоолны салбар хөгжиж эхэлж байна. 2015 онд ресторан нээсэн бол хэзээ ч ашиг олохооргүй байсан. Хүмүүсийн хоолны сонголт, хооллолтын соёл сайн төлөвшөөгүй байсан үе. Улаанбаатар хотод хоолны салбар эрчимтэй хөгжиж байгаа бол манай Эрдэнэтийн хөгжил дунд үе дээр явж байна гэж боддог. Эрдэнэтэд "Быстро" рестораны Ганзориг ах ирснээс хойш манай Эрдэнэт хотын хоолны салбарын хөгжил сайжирсан гэж боддог. Залуу мастерууд шинээр бий болсноор хоол үйлдвэрлэлийн салбарт шинэчлэл гарсан.

-Эрдэнэт хотод дутагдаж буй, нэвтрүүлэх шаардлагатай хоолны чиглэл юу байна гэж харж байна?

-Хятад болон солонгос хоолны салбар. Гэхдээ удахгүй “Yuna солонгос хоолны сүлжээ рестораны салбар нээгдэх сурагтай байна. Мөн сүшиний шинэ салбар нээгдсэнд баяртай байгаа.

Хоол үйлдвэрлэгчид бие биенээсээ хуулбарлахгүйгээр өөрийн гэсэн шинэлэг төрөл, салбарыг оруулж ирвэл Эрдэнэтийн хоолны салбарын хөгжил илүү хурдан хөгжинө гэж боддог.

Жишээлбэл, үйлчлүүлэгч монгол хоол идье гэвэл "Хүннү", европ хоол идье гэвэл "Сalm", грилл хоол идье гэвэл "Быстро"-г зорьдог гэх мэт өөр өөрийн өнгө аяс жишгийг тогтоосон шинэ салбарууд бий болвол зүгээр.

-Яг энэ жишгийг "Хүнн"ү, "Calm" лоунж тогтоож чадсан гэж боддог уу? Цаашаа илүү хөгжихөд юуг анхаарах шаардлагатай байна вэ?

-"Сalm" лоунжид саяхнаас хоолны шинэ цэсийг нэвтрүүлээд ажиллаж байна. Үйлчлүүлэгчид ам сайтай байгаа. "Хүннү"-гийн хувьд анх нээж байхад хүмүүс гурилтай шөлийг ресторанд идэх үү гэцгээж байсан нь надад их эвгүй санагдаж байсан. Лоунжаа нээхдээ гурилтай шөлийг цэсэндээ оруулж үйлчилж эхэлсэн. Яг ийм гурилтай шөлийг би гэртээ ч хийж идэж чаддаггүй, танайд л ирж идэж байсан гэсэн хүмүүс олон байсан нь урам өгсөн. Эрдэнэтэд монгол хоолны чиглэлийг "Хүннү" лоунж тодорхойлж байна гэж ойлгодог. Гэхдээ бас дутмаг л байгаа. Улам хөгжихийн тулд хийж хэрэгжүүлэх олон санаа бий. Найз нөхөд, тогооч ах эгч нар, ээж гээд олон хүний тус дэмээр "Хүннү", "Cаlm" лоунж бий болж байгаа.

-Цаашид мэргэжил дээшлүүлэх тал дээр ямар бодолтой байна?

-Мастер тогооч болъё гэж бодож байна. Эрдэнэтийн анхны удам дамжсан мастер тогооч болохыг хүсдэг. Монголд удам дамжсан тогооч нар маш цөөхөн байдаг. Тэдний нэгийг Эрдэнэтэд бий болгохын төлөө хичээж байна.

-Байгууллага талаасаа ярья,  танай ресторан үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бүрдүүлэхийн тулд ямар менежментийг барьж ажиллаж байна?

-Гомдлыг 100 хувь хүлээж авдаг. Ажилчиддаа даргын үүднээс биш зөвлөн туслах замаар ажилчдаа чадавхжуулж ажилладаг. Манай ажилчид үйлчилгээний соёлтой, нээлттэй байх зарчмыг баримталдаг гэж хэлж болно.

-Үйчлүүлэгчийн хэв маяг өөрчлөгдөж байна уу?

-"Хүннү" лоунжид үйлчлүүлэгчид хурдан бөгөөд шинэлэг, амт чанарын хувьд амтлагч багатай хоолыг сонирхдог.

35-аас дээш насны хүмүүс ихэвчлэн таван цулын хоол идэх нь элбэг байдаг. "Хүннү"-гийн таван цулын хоолыг мэдээж монгол аргаар боловсруулдаг. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь ажлынхаа цаг заваар ирдэг хүмүүс байдаг учраас биднээс маш их хурд, шинэлэг байдлыг шаарддаг. 

Ихэвчлэн Улаанбаатар, орон нутгаас ирсэн үйлчлүүлэгчид манайхаар үйлчүүлж гэртээ ирсэн юм шиг амтыг мэдрээд буцдаг. Харин "Calm" лоунжийн үйлчлүүлэгчийн хувьд хүлээх чадвартай, хоолноосоо кайф авч идэх сонирхолтой хүмүүс байх шиг санагддаг.

-Ресторандаа шинээр нэвтрүүлж буй шинэлэг санаанаас хуваалцаач?

-Технологи талаасаа хоолны цэсэндээ QR кодыг нэвтрүүлээд байна. Хоолны шинэчлэлт талаасаа хоолны цэсээ шинэчлэх, сайжруулах ажлууд хийж байна. Сайжруулалт хийхийн тулд заавал туршлага судлах, өөрөө хөгжих шаардлага тулгарч байна.  Би энд байгаад байдаг, тэнд юм хөгжөөд байдаг, мэдэхгүй байгаад байвал бас хэцүү. Улсынхаа болон гадаадын шилдэг тогоочдын влог, подкастуудыг сонсож шинэлэг санаагаар өөрийгөө цэнэглэдэг.

-Цаашдын зорилго юу байна?

-"Хүннү" гэхээр Энхтуяа санаанд ордог, хийж байгаа ажлуудаараа дүгнэгдэхийг хүсч байна. Цаашаа мастер тогооч болвол хоёр лоунжаа улам гоё авч явахыг хүсч байна. Үүнээс илүү зүйлийг хүсэхгүй байна. Яагаад гэвэл миний амьдрал болж л байгаа юм чинь.

-Ярилцсанд баярлалаа.

 

Related news