Эхээс нярайд халдвар дамжихаас сэргийлж, 100 хүүхдийг дархлаажуулалтад хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-02-03 16:58:39

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт эхээс нярайд халдвар дамжихаас сэргийлж, 100 хүүхдийг дархлаажуулалтад хамруулна. Тодруулбал, хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Элэгний В вирусгүй нярай” төслийн хүрээнд өмнө нь халдвар авсан болон эхээс нярайд халдвар дамжихаас сэргийлж дөнгөж төрсөн хүүхдүүдийг вакцинжуулах юм. Түүнчлэн өнгөрсөн онд дээрх төсөлд хамрагдсан хүүхдүүдээс 50 орчимд нь дархлал тогтоцыг үнэлж үзнэ гэж ЭМГ-аас мэдээллээ. Вакцинжуулалтад шаардагдах 10 сая төгрөгийн зардлыг аймгийн төсвөөс шийджээ.

Ташрамд дуулгахад, энэ оноос Дорнод аймагт "Эрүүл эмэгтэй" төсөл хөтөлбөрийг эхлүүлж, зорилтот бүлгийн нөхөн үржихүйн 19-40 насны эмэгтэйчүүд болон өртөмтгий бүлгийн жирэмсэн нийт 180 эмэгтэйг вирусний болон бусад халдварын шинжилгээнд хамруулж, халдвар илэрвэл эмчлэн эрүүлжүүлнэ. Ийнхүү эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг шийдсэнээр эх барих, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оношилгооны дэвшилтэт аргыг нэвтрүүлэх замаар эрүүл эхээс эрүүл хүүхэд төрүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.





Related news