Зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх гурван сарын аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-02-17 10:15:13

Хэнтий /МОНЦАМЭ/  Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх аяныг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн гурван сарын хугацаатай зохион байгуулахаар боллоо.

Аяныг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд төлөвлөгөө гарган, үр дүнтэй зохион байгуулж, долоо хоног бүр мэдээлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Хэнтий аймгийн хэмжээнд Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нийт долоон тэрбум төгрөг иргэдийн гарт зээл хэлбэрээр очсон ч эргэн төлөлт хангалтгүй байгаа аж. Тиймээс төрийн албан хаагчдаас зээлээ төлүүлэх ажлыг нэн тэргүүнд эхлүүлж байна. Ингэснээр шинэ ажлын байр бий болгох, зорилтот зээл жинхэнэ эзэддээ хүрэх, эргэн төлөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Хэтийн Хэнтий-2024” бодлогын баримт бичигт “Бусдадаа боломж олгоё” арга хэмжээг тусгаж, дээрх сангуудын зээлийн эргэн төлөлтийг 60 хувьд хүргэх зорилт дэвшүүлээд байгаа аж.

Засгийн газрын 2016 оны “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих тухай” 153 дугаар тогтоол болон бусад эрх зүйн актыг үндэслэн тус аяныг зохион байгуулж байгаа юм байна.

Related news