Ц. Намжилмаа: Сурагчдын 60 хувь теле хичээлээ үзэж, тэмдэглэж багшаасаа зөвлөгөө авсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-02-19 18:55:08

Төв /МОНЦАМЭ. Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Намжилмаатай уулзаж ярилцлаа.


-Энэ хичээлийн жил “Ковид-19” цар тахлаас шалтгаалаад хичээл сургалтын үйл ажиллагаа хязгаарлагдмал байна. Ирэх хаврын элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-“Ковид-19” цар тахлаас шалтгаалаад 2020 онд гэхэд 11 долоо хоногийн хичээл танхимд, 16 долоо хоногийн хичээлийг цахимаар зохион байгууллаа.  2021 он гараад ч танхимын сургалтаа эхлэж чадахгүй байна.  Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл 8 дугаар ангиас эхэлдэг. Учир нь 2016 оноос суурь боловсролын 8, 9 дүгээр ангидаа сурагчид эцэг эхийн хамт хоёр долоо хоногийн “Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох”  хөтөлбөрт хамрагдан “Суралцах төлөвлөгөө” гарган ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрт хамрагдан өөрийн авьяас чадвар, сурах боломж нөөцөө тодорхойлж,  9 дүгээр ангиа төгсөөд 10 дугаар ангид элсэн суралцах эсэх, элсэн суралцсан тохиолдолд ирээдүйд эзэмшихийг хүссэн мэргэжилтэйгээ уялдуулан  ямар ямар хичээлийг сонгон судлахаа төлөвлөнө гэсэн үг. Эсвэл 9 дүгээр ангиа төгсөөд аль нэг МСҮТ-д суралцах, курс дамжаагаар мэргэжил эзэмших эсэхээ шийддэг. Эндээс тухайн сурагчийн ЭЕШ-ын бэлтгэлийн эхлэл тавигдана. “Суралцах төлөвлөгөө”-гөө чанартай боловсруулсан сурагчид 10-12 дугаар ангидаа сонгон судлах хичээлийн сонголт тогтвортой байж, ЭЕШ-д илүү амжилт үзүүлдэг. Жишээ нь химийн хичээлээр 3 жил сонгон гүнзгийрч сурсан сурагч ба 1 жил сурч байгаа сурагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын түвшин асар ялгаатай байх нь ойлгомжтой. Ингэхээр сургуулийн түвшинд ЭЕШ-ын бэлтгэл 10-р ангид хичээлээ сонгосноор системтэй явагдаж эхэлдэг нь ойлгомжтой. Үүнийг л бид сурагч, эцэг эхчүүддээ ойлгуулах хэрэгтэй байгаа юм.

-Энэ хөл хорионы үеэр төгсөх ангийн сурагчдын хичээл, давтлагад ямар чиглэл барьж ажиллаж байгаа вэ?

-Манай аймгийн хувьд БСУГ-аас жил бүр сургууль, багш нартайгаа хамтран “Судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” аян зохион байгуулж хэвшсэн. Энэ аяны нэг хэсэг нь 12 дугаар ангийн сурагчдын ЭЕШ-ын бэлтгэл ажил байдаг. Өнгөрсөн 2020 оны ЭЕШ-ын бэлтгэлийг бид 1 дүгээр сараас аймгийн хэмжээнд албан ёсоор эхэлсэн. Энэ хүрээнд ЭЕШ-ын үе шат бүхий сорил зохион байгуулж, даалгаврын гүйцэтгэлд шинжилгээ хийн багш сурагчдад зөвлөгөө зөвлөмж өгсөн. Хөл хорионы үеийн 2-4 дүгээр сард “Төв аймаг–ЭЕШ” пэйж хуудсаар дамжуулан ахлах ангийн сурагчдад цахим сургалт зохион байгуулж, БШУ-ны сайдын зөвшөөрөлтэйгээр 5 дугаар сарын 6-наас танхимын давтлага зохион байгуулсан. БСУГ-ын “Сургалт арга зүйн баг” 2020 оны 5-6 дугаар сард 12 жилийн 20 сургуульд хүрч, ЭЕШ-ын бэлтгэлд зөвлөн тусалсан байгаа. Багш нартай хамтран ажиллах, сурагчдаас бичил сорил авч, засагч машинаар уншуулах, сурагч,эцэг эх, багш нарт ЭЕШ-ын үйл ажиллагааны талаар нэгдсэн сургалт зохион байгуулах зэрэг ажил хийсэн. Үүнийгээ уламжлалт ажил болгосон учир 2021 онд үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа. Тухайлбал сургууль, бүсийн түвшний 2 удаагийн сорил авсан. Мөн БСУГ-ын мэргэжилтнүүд, багш нар хамтран ЭЕШ-тай 10 хичээлээр цахим анги үүсгэн сургалт зохион байгуулж байна.

-Он гарсаар төгсөх ангийн сурагчдад зарим сургалт явуулахыг зөвшөөрсөн. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-БШУ-ны сайдын А.180 тоот тушаалаар орон нутгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр “Танхимын давтлага зохион байгуулах”-ыг зөвшөөрсөн боловч Улсын онцгой комисс дэмжээгүй. Харин 2 дугаар улирлын хичээлийг цахимаар эхлүүлэх тухай сайдын А.24 тоот тушаалын 2.6-д зааснаар алслагдсан 5 сумын ЕБС 12-р ангийн сурагчдад сумынхаа Онцгой комисст хүсэлт гарган шийдвэрлүүлж, танхимын давтлага эхлээд байна. Улаанбаатар хоттой зэргэлдээ ойрхон сумд болон аймгийн төвийн сургуулиудын хувьд танхимын давтлага эхлэх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа.

- 12 дугаар ангийнхнаас бусад сурагчийн хичээл сургалтын талаар ямар ажил хийж байна вэ?

- 1-11 дүгээр ангийн сурагчдын хувьд теле хичээлд хамрагдан тэмдэглэл хөтөлж, багшийн нэмэлт зөвлөгөө зөвлөмжийн дагуу даалгавраа хийн багшдаа илгээж шалгуулах байдлаар ажиллаж байна.

-Теле хичээлийн үр дүн Төв аймгийн хэмжээнд хэр байгаа вэ? Хүүхдүүдийн сурлагын үр дүн хэр байна?
-Аймгийн БСУГ-аас долоо хоног бүр теле хичээлийн явцын талаар БШУЯ-нд тайлан гаргадаг. Хамгийн сүүлийн тайлангаас үзэхэд ЕБС-ийн нийт 17412 суралцагчаас бага ангийн 5700 сурагч буюу 61,4%, дунд ангийн 3272 сурагч буюу 55,3%, ахлах ангийн 1405 сурагч буюу 63,5%, нийт 10377 сурагч буюу 60% нь теле хичээлээ үзэн тэмдэглэж, гэрийн даалгавраа хийж багшдаа шалгуулан зөвлөгөө зөвлөмж авсан байна. Ерөнхий боловсролын 30 сургуулийн 852 багшаас 829 багш буюу 97,3% нь теле хичээлээ татан авч тэмдэглэл хөтлөн, сурагчдадаа нэмэлт зөвлөгөө зөвлөмж, даалгавар өгөх, даалгаврын гүйцэтгэлийг шалган эргэх холбоотой ажиллаж байна. Багш нарын цахим орчинд ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор 5 сургууль 50 багшид 290000 төгрөгийн дата эрх авч өгсөн.

-Теле хичээлдээ хамрагдаж чадаагүй нэлээд сурагч байгаа. Эдгээр сурагчдадаа хэрхэн хүрч ажиллах вэ?

-Манай аймгийн Ерөнхий боловсролын 30 сургуульд 17412 сурагч сурдгаас 6146 сурагч буюу 35,3% нь нэгдүгээр улирлын теле хичээлд хамрагдаагүй үлдсэн байсан. Улирлын амралтаар эдгээр сурагчдад хүрч ажиллах олон талын үйл ажиллагаа зохион байгуулсан. Тухайлбал, Теле хичээл үзэж амжаагүй сурагчдад цаасан хэлбэрээр нэмэлт материал, даалгаврыг хэвлэж бэлдэн, малын тоонд явж байгаа багш, багийн дарга нараар тараалгах, Теле хичээл болон багшийн нэмэлт зөвлөгөө зөвлөмжүүдийг Цахим ангийн хуудсандаа байршуулан ААН, байгууллага, хувь хүний хандив дэмжлэгээр сурагчдад ДДШТВ эрх, утасны дата эрх авч өгч хичээлийг нөхөн үзүүлэх зэрэг ажлыг хийсэн байгаа.

-Алслагдмал сумдын болон багийн малчин өрхийн хүүхдүүд теле хичээлдээ бүрэн хамрагдаж чадаж байгаа юу?

-Техникийн боломжтой хэдий ч теле хичээлээ үздэггүй, даалгавраа хийдэггүй нэг хэсэг сурагч байна. Хүүхдээ хайхардаггүй, хичээлээ хийх нөхцөлөөр хангахгүй, туслахгүй байгаа энэ эцэг эх, хичээлээ хийдэггүй хүүхдүүдтэй биечлэн уулзаж, шаардлага тавин ажиллаж байгаа. Нэгдүгээр улирлын теле хичээлд хамрагдаагүй 5257 сурагч буюу 85,5%-д нь хүрч ажилласан. Харин 5257 сурагчийн 2028 нь малчин өрхийн, 47 нь хөгжлийн бэрхшээлтэй сурагч байна. Түүнчлэн отроор өөр аймаг сумын нутагт өвөлжиж байгаа шалтгаанаар 889 сурагчтай огт холбогдож чадаагүй байна. Теле хичээлийн энэ үед сурагчид сурлагын болон агуулгын хоцрогдол маш их болж байгаа нь үнэхээр санаа зовоож байна.

-Сурлагын болон агуулгын хоцрогдол маш их болж байна гэсэн шүү дээ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Энэ асуудлын гарц гаргалгааг олж шийдвэрлэхийн тулд Боловсролын хүрээлэнгээс судлагдахуун бүрээр 21 аймаг, нийслэлийн БСУГ-ын мэргэжилтнүүд, сургагч багш нараас бүрдсэн “Мэргэжлийн бүлэг” ажиллаж, хоцрогдсон агуулгын шинжилгээ хийж, цахим сургалтын үед багш сурагчдад тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлон, шийдвэрлэх арга замаа хамтран эрэлхийлж эхэлсэн нь сайшаалтай ажил болж байна. Аймаг бүр дотроо дэд мэргэжлийн бүлэг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Эндээс сайн туршлага, сайн гарц гаргалгаа гаргах байх аа.

-Нэгдүгээр анги болон 12 дугаар ангийн хүүхдүүдэд танхимын давтлага явуулна гэж яригдаад байгаа. Энэ тал дээр аймгийн БСУГ-аас ямар ажил эхлүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа. Гэхдээ 3 дугаар сарын 1-нээс танхимын сургалт эхэлж магадгүй гэсэн байдлаар бүх сургууль ““Ковид-19” цар тахлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулан бэлтгэлээ ханган ажиллаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.  

 

 

Related news