Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хуваарь гарган хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-19 17:02:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын шийдвэрээр баталсан хуваарийн дагуу Цагдаагийн газар, БЗД, ОБГ-аас хамтарсан баг гарч, гэр ажиглалтад байгаа иргэдэд хяналт тавин ажиллаж байна.

Тус аймгийн хувьд энэ сарын наймны өдөр гурав дахь татан авалтаар иргэдээ Улаанбаатар хотоос татан авсан ба энэ өдөр гурван автобусаар 109 хүн иржээ. Мөн хувийн автомашинаар ч иргэд нутагтаа ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 445 хүн гэр ажиглалтад байгаагаас Сайнцагаан сумын төвд 223, бусад иргэд хөдөө сумдад байгаа юм.

Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд 14 хоногийн хугацаанд гэрээсээ гарахгүй байх, биеийн байдлаа ажиглах, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөх, хорио цээрийн дэглэмийг сахин биелүүлэх зөвлөмж өгсөн ба харин энэ зөвлөмжийг дагаж мөрдөхгүй, хорио цээрийн дэглэм зөрчсөн зарим иргэнийг хяналт шалгалтын явцад илрүүлэн шалгаж байгаа гэж Цагдаагийн газраас мэдээлсэн.

Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл ноогдуулах тул 14 хоногоо дуустал гэрээсээ гарахгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас дээрх иргэдэд анхаарууллаа. 

Related news