Монголын хоолойн тэмээн сүргийг ангилж ээмэгжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-11 17:59:07

Оны эхэнд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумаас Монголын хоолой хэмээх газар нутагладаг тэмээн сүргээ омог болгох хүсэлтийг аймгийн ХХААГ, ХХААЯ-нд тавьсан. Энэ хүрээнд “Монголын хоолойн тэмээ”-нд үзлэг, ангилалт хийх ажлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сард зохион байгууллаа.

Үзлэгийг хийхдээ тус сумын малчдын тэмээн сүргээс сонголт хийж ангилан, биеийн үндсэн хэмжилт хийж, зэргэлдээх Богд, Баруунбаян-Улаан сумдын тэмээтэй болон “Монгол тэмээний стандарт”-ын үзүүлэлттэй харьцуулсан байна. Стандартын шаардлага хангасан үржлийн өсвөр болон нас гүйцсэн ингэ, буурыг бүртгэлийн программд оруулжээ.

Энэ үеэр 112 тэмээнд хэмжилт хийж, 400 гаруй үржлийн ингэ, 8 үржлийн буурыг ээмэгжүүлсэн юм. Тэмээг ээмэглэж, ээмэгний бар код олгон бүртгэлжүүлсэн нь улсын хэмжээнд анх удаа хийгдсэн ажил болж байгаа бөгөөд ирэх намар улсын Мал эмнэлэг, үржлийн газрын ажлын хэсгээс суманд ажиллаж, үзлэг, ангилалтыг дахин явуулах аж.

Гучин-Ус сумын Их Монгол, Бага Монгол, Арц богд уулын бэл хөндийг “Монголын хоолой” хэмээн нэрлэдэг ба энэхүү нутаг бэлчээр нь заг, түнгэ, дэрс, бударгана, харгана гээд тэмээний гол идэш тэжээл болох бутлаг ургамлаар баялаг учраас эндхийн тэмээн сүрэг биеэр өсөрхүү, төлөрхөг чанар, ноосны гарц сайн байдаг. Тус сум нийт 3800 гаруй тэмээтэй юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news