Энэ сарын 17-18-нд цасан болон шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-18-нд аймгийн ихэнх сумын
нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа аж.
Гуравдугаар сарын 19-20-нд нутгийн баруун хэсгээр салхины хурд секундэд
12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуур, Тэс голын хөндийгөөр
шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө
5-10 хэм хүйтэн байна.
Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан
сэргийлэх, хамгаалах зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Тухайлбал:
-Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр иргэд, тээврийн
хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр
настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх,
холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх
мэдээллийг сонсох,
-Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд
гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны
нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох,
амиа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа
хяналтгүй орхихгүй байхыг аймгийн
Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.