Чингис хотод хогийн төвлөрсөн цэг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-16 10:55:46

Хэнтий аймгийн Чингис  хотын 120 байгууллага, аж ахуйн нэгж, 1170 хүн  өнгөрөгч амралтын өдрүүдээр  их цэвэрлэгээ хийж, нийт 220 тн хог зайлуулсан байна.

Нэгдсэн эмнэлэг гэхэд л 200 хүнтэй гарч зүүн хойд хогийг цэвэрлэжээ. Мөн их цэвэрлэгээгээр оршуулгын газрын орчмыг Хот тохижилтынхон цэвэрлэжээ. Оршуулгын газрын хувьд хотод нэлээд ойртсон учир хэдэн жилийн өмнөөс хүн тавихаа болиод байсан юм.

Чингис хотын захирагч Н.Базарханд “Оршуулгын газрыг хашаажуулаад эргэн тойронд нь мод тарьж, цаашдаа байнга цэвэрлэж байхаар шийдсэн. Нүүлгэнэ гэхээр ёс жаягийнхаа хувьд ч ямар байдаг юм мэдэхгүй болохоор ойрын хугацаандаа дээрх арга хэмжээ авахаар болсон” гэв.

Мөн их цэвэрлэгээний хүрээнд ШШГА, Харгуй компани, Хот тохижилт, Хэнтийн-Ус компаниудын техникийн хүчээр “Хотын төвлөрсөн хогийн цэг”-ийг байгуулахаар болжээ. 

Харин иргэд, айл өрхүүдийн хувьд дор бүрнээ хогоо цэвэрлэж овоолчихвол нэгдсэн журмаар хогны машин яваад ачих боломжтой бөгөөд Чингис хотын хэмжээний нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог хаягдлыг Хэрлэн сум хариуцдаг. Өдөртөө хогны машин 3 4 удаагийн давтамжтайгаар 3 тн хог ачдаг бөгөөд сардаа  200 орчим тн хогийг хойд цэгт аваачиж, асгаж байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news