Чингис хотын анхны цогц хорооллын нээлтэд УИХ-ын дарга оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 11:06:41

УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй зочид, төлөөлөгчид энэ  сарын 29-ны өдөр Чингис хотноо ажиллалаа.

 УИХ-ын дарга З.Энхболдыг хүрэлцэн ирэхэд Чингисийн талбайд ёслолын жагсаалаар угтан авлаа. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй удирдлагууд Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон юм. Мөн “Цахим Хэнтий” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд болон хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Дараа нь удирдлагууд Чингис хотын төв талбайд бүтээсэн Их Монгол улсын цадигийг бичилцэхэд үр хүүхэд, төр улсдаа хүндтэй гавьяа байгуулсан Монгол төрийн авралт эх – Өэлүн эхийн дурсгалын хөшөөний нээлтийн ёслолд оролцлоо. 

Өэлүн эхийн дурсгалын хөшөө Чингис хотноо сүндэрлэлээ

 Чингис хотын төв талбайд бүтээсэн Их Монгол улсын цадигийг бичилцэхэд үр хүүхэд, төр улсдаа хүндтэй гавьяа байгуулсан Монгол төрийн авралт эх- Өэлүн эхийн дурсгалын хөшөөний нээлт болов. Аймгийн Засаг Дарга Ж.Оюунбаатар “Уран барималч Нанзаддоржийн “ Өүлэн эх”-ийн хөшөө нь монгол хүний бие мах бодь, оюун санаа, сэтгэл зүйн онцлог, ёс заншилтай зохицсон өөрийн өвөрмөц төрхтэй бие даасан оюуны соёлын нандин өв болж байна” хэмээн нээлтийн үеэр хэлсэн юм. Тус нээлтэд Ардын Дуурь Бүжгийн “ Хан Хэнтий” чуулгын дуучид ая дууугаа өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ өдөр Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хөгжлийн төв” болон Хэрлэн 4 дүгээр цэцэрлэгийн шинэ байр ашиглалтанд орж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, “Цагаан шонхор холдинг” ХХК-ны захирал Ч.Энхтайван, аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Засаг дарга Ж.Оюунбаатар тэргүүтэй албаны хүмүүс нээлтийн ажиллагаанд оролцож, хүндэтгэл үзүүлсэн юм. Харин энэ өдрийн нэгэн томоохон арга хэмжээ нь аймгийн анхны цогц хороолол буюу “Хэрлэн хороолол”-ын нээлтийн үйл ажиллагаа байлаа. Энэхүү нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй удирдлагууд оролцож, зарим оршин суугчдад шинэхэн байрных нь түлхүүрийг гардуулан өгсөн юм. Мөн билэгт сайн энэ өдөр Хэрлэн хороололд гал голомтоо бадрааж буй залуу гэр бүлийн гэрээр зочилж, баярыг нь хуваалцлаа.

Үүний дараа айлчлалын бүрэлдэхүүн Чингис хотод баригдаж буй Нэгдсэн эмнэлэг, Хан Хэнтий чуулга, “Шинэ Өндөрхаан” хороолол, “Цэцэнханы музей”-н Хүндэтгэлийн өргөө гэсэн барилгуудын ажлын явц байдалтай танилцаж, аймгийн удирдлагуудтай санал бодлоо хуваалцсанаар айлчлал өндөрлөлөө.

УИХ-ын дарга З.Энхболдын хувьд Хэнтий аймагт ийнхүү 3 дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд Чингис хотноо сүндэрлэсэн цогц хороолол болох “Хэрлэн хороолол”-ын ажлыг ихээхэн ач холбогдолтой бүтээн байгуулалт болсоныг айлчлалын үеэр цохон тэмдэглэв.

О.Буянхишиг

 

Related news
Comments