Вакцинжуулалт өндөр яваа энэ үед хатуу хөл хорио тавих шаардлагагүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-10 16:27:48
Хэнтий /МОНЦАМЭ/ Өчигдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг сонгуулиа өгөх үеэр хэвлэл мэдээллийн байгууллагынхан түүнээс "Ковид-19" цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
Тэрбээр "Хэнтийд өчигдөр шинээр 17 тохиолдол нэмэгдсэн. Ковидын халдварын тоо нэмэгдсэн хэдий ч эрсдэл харьцангуй багатай байгааг мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Бид халдварын эсрэг арга хэмжээгээ вакцины өмнө ба хойно гэсэн журмаар авч хэрэгжүүлж байна. Дархлаа тогтоогүй үед халдвар авах эрсдэл маш өндөр байсан. Аймгийн хэмжээнд вакцины эхний тунд хамрагдалт 86,7, хоёр дахь тунгийнх 76,7 хувьтай үргэлжилж байгаа. Энэ нь улсын хэмжээнд нэлээд өндөр дүн. Вакцины бүрэн тун авсан хүмүүс халдвар авлаа гэхэд маш хөнгөн хэлбэрээр, зарим тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй, эмчээс зөвлөгөө авч гэрээр эмчлүүлж байна. Нэгдсэн эмнэлгийн Халдварт, Сүрьеэгийн тасагт 65 хүн эмчлүүлж байгаа. Өчигдөр эмнэлэгт хэвтсэн нэг хүн хүндэвтэр, бусад 64 хүний биеийн байдал хөнгөн байна.
Ковидгүй аймаг болно гэвэл хатуу хөл хориог 30-50 хоног үргэлжлүүлж байж зогсооно. Вакцинжуулалт өндөр яваа энэ үед хатуу хөл хорио тавих шаардлагагүй. Сонгуулийн ард хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл цахим орчинд зохион байгуулалттай түгээж байна. Хатуу хөл хорио тогтоохгүй. Халдварыг бууруулах, тархалтыг хумих зорилгоор мэргэжлийн байгууллагууд 24 цагаар ажиллаж байгаа" гэв.
Related news