Хэнтий аймаг отрын малчид хүлээн авахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-09-22 21:40:51
Хэнтий /МОНЦАМЭ/ Отроор ирсэн айлууд эрсдэл дагуулж байгаа тул энэ жил Хэнтий аймаг отрын малчид хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ.
Тодруулбал, тус аймгийн нэр бүхий гурван суманд шүлхий өвчин гараад байгаа бөгөөд отрын айлаас өвчний эх үүсвэр гарсан хэмээн үзэж байгаа аж. Иймд энэ жил Хэнтий аймаг отрын малчид авахгүйг сумдын Засаг дарга нарт мэдэгдэж, Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд урт хугацааны хяналтын пост гаргаад байна.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газрын удирдлагуудын хамт бүх сумын Засаг дарга нар, ХАА, Мал эмнэлгийн тасаг, хувийн мал эмнэлгүүд, багийн Засаг дарга нар, хэсгийн төлөөлөгчидтэй цахимаар хуралдлаа.
Хурлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй холбогдон гарсан аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэн ажиллах, шүлхий өвчин бүртгэгдсэн хот айл, багт хөл хорио тогтоож, малын шилжилт хөдөлгөөнийг хянахад төрийн байгууллагууд, сайн дурын малчдыг татан оролцуулах, тухайн багаас мал, түүхий эд гаргахгүй байхыг үүрэг болголоо. Мөн Мал эмнэлгийн газраас үзлэг шинжилгээ хийх, сайн малчдаас туршлага судалж уламжлалт арга хэрэглэх, цаг үеийн тарилга угаалгыг бүх суманд эрчимжүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээ авахыг даалгаж, шуурхай ажил зохион байгуулахыг үүрэг болгож, шүлхий бүртгэгдсэн багаас малын бичиг өгч, зөрчил гаргавал хуулийн хатуу хариуцлага тооцохоо илэрхийллээ. Тэрбээр өвчин бүртгэгдсэн сумдад аймгийн Гамшгийн эрсдэлийн сангаас 8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна.
Related news