Хэрлэн 4-р сургуулийн спорт заалны барилгын ажил удаашралтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-12 13:43:11
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав 7 хоног бүр дэд бүтцийн зөвлөлийг хуралдуулж, удаашралтай байгаа барилгын гүйцэтгэгч нартай уулзаж байхаар шийдвэрлэсний дагуу маргааш дэд бүтцийн зөвлөл хуралдана.
Тус хуралдаанаар 4-р сургуулийн спорт заалыг барьж байгаа "Офис констракшн", Музейн барилгыг барьж буй "Монкон констракшн", БОАЖГ-ын барилгын гүйцэтгэгч "Солер мэд" компани удирдлагуудтай уулзахаар төлөвлөсөн аж. Тиймээс өнөөдөр дээрх барилгуудын ажлын явцтай биечлэн танилцлаа.
БОАЖГ-ын болон Музейн барилгын хувьд дотоод заслын ажил дууссан, гадаах тохижилт, жижиг засварын ажлуудаа гүйцэтгэвэл улсын комисс ажиллуулж, энэ онд ашиглалтад оруулах боломжтой болсон байна. Харин 4-р сургуулийн спорт заалны барилгын хувьд ажил удаашралтай, барилгын материал дутуу зэрэг нэлээд асуудлууд байгаа тул гэрээний хугацаанд ашиглалтад хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Тиймээс маргааш болох дэд бүтцийн зөвлөлийн хуралд дээрх компанийн удирдлагуудтай уулзан, тулгамдсан асуудлуудаа ярилцаж, шийдэлд хүрэхээр боллоо.
Энэ жилийн хувьд хил гаалийн асуудал, барилгын материалын үнийн өсөлт, хүний нөөцийн хомсдолоос үүдэн бүтээн байгуулалтын ажлууд удаашралтай байгаа хэдий ч орон нутгийн удирдлагуудын зүгээс гэрээний хугацаанд, чанартай гүйцэтгэхийг анхааруулсаар байгаа юм.
Related news