ӨЭМТ-ийн ачаалал ихэсч хүний нөөцийн хомсдолд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-12 14:57:16

Хэнтий /МОНЦАМЭ/ Энгийн үед нэг ӨЭМТ 10 орчим орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол одоо ажлын ачаалал харьцангуй нэмэгдсэнээс гадна өөрсдөө халдвар авч, хүний нөөцийн хомсдолд ороод байна.


Иймд орон нутгийн зүгээс Нэгдсэн эмнэлгээс эмч, сувилагч нэмж ажиллуулах зэргээр зохион байгуулалтын арга хэмжээг авч байгаа юм. Өрхийн ЭМТ-үүд өдөрт дунджаар 80-100 иргэнээс PCR сорьц авч Молекул биологийн лабораторид хүлээлгэн өгч ажиллаж байна.

Одоогийн байдлаар халдвар авсан 756 иргэнийг гэрээр эмчилж, 1814 иргэнийг гэрийн ажиглалт, хяналтад аваад байгаа аж. Мөн 55-аас дээш насны ахмадуудад 3 дугаар тунгийн вакцин, бага насны хүүхдүүдэд томуугийн вакциныг тус тус хийж байна.

Аймгийн Засаг даргын шийдвэрээр АЗДТГ-ын 2 автомашин, ГХБХБГ-ын 1 автомашиныг гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор ӨЭМТ-үүдэд хуваарилан ажиллуулж байна.

Мөн Хэрлэн сумын Онцгой комисс Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран Чингис хотод "Ковид 19"-ын нэг цэгийн үйлчилгээ"-г нээсэн нь эмнэл зүйн шинж тэмдэгтэй, хаана хандахаа мэдэхгүй иргэдэд туслах, өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн ажлыг тусгаарлан улаан бүсийг тусад нь ангилан ачаалал хөнгөлөх зэрэг давуу талуудыг бий болгожээ.
Related news