“Байшин” төслийн үр дүнд 123 хүүхэд амьдрах ая тухтай орчноор хангагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-28 15:41:52

Хэнтий /МОНЦАМЭ/ Швейцарын хөрөнгө оруулалтай "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын хэрэгжүүлдэг “Байшин төсөл”-д 34 өрх хамрагдаж, 123 хүүхэд амьдрах ая тухтай орчноор хангагджээ.

Тус төслийг 21 аймаг дотроос хамгийн амжилттай хэрэгжүүлж байгаа нь Хэнтий аймгийн Хэрлэн сум юм. Тэд төсөлд хамрагдаж буй өрхүүдийн суурь судалгааг сайн хийж, гэрээр айлчлах аргачлалыг хэрэгжүүлэн, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, өөрийн гэсэн орон гэргүй, цаашид амьдралаа сайжруулах залуу гэр бүлүүдийг хамруулсаар иржээ.

Төсөлд хамрагдсан өрхүүд байшингийн материалыг өгөгдсөн зургийн дагуу барилгын инженерийн заавраар өөрсдийн гараар барьдаг нь онцлог бөгөөд гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг оролцоо чухал байдаг байна. Монгол гэрт амьдарч байсан өрхүүд өнөөдөр өмчлөх эрхийн гэрчилгээтэй газартай, зах зээлийн өртгөөр 35 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй болж байгаадаа баяртай байлаа.

Төслийг амжилттай үр дүнтэй хэрэгжүүлэхэд Хэрлэн сумын удирдлагууд голлон анхаарч байна. Байшин төсөлд зориулан шинэ суурьшлын газар, цахилгаан эрчим хүч, гүний худаг, хүүхдийн тоглоомын талбай, автобусны буудал зэргийг цогцоор нь шийдэж өгчээ. Эдгээр өрхүүд цаашид халамжаас хөдөлмөрт шилжин, хашаандаа сайхан амьдрах хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдаж, өрхийн орлоготой амьдралаа улам сайжруулах олон хөтөлбөрт хамруулах юм.

Хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө амжилттай хэрэгжиж буй тус төсөл 2021 оны төсөлдөө дахин 10 айлыг хамруулжээ. Удахгүй 10 өрх тэдгээрийн хүүхдүүд шинэ тав тухтай байшиндаа ороход бэлэн болжээ. 

Related news