“Намрын ногоон өдрүүд -2021” үзэсгэлэн худалдааны шилдгүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-29 17:08:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 16 дахь жилдээ болж, шилдгүүдээ тодрууллаа. 

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын тоо буурч нэг сумаас 2 шилдэг бүтээгдэхүүнтэй иргэдийг оролцуулж, Хэнтий аймгийн шилдэг 5 брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулсан юм.

Үүнд, Хэнтий аймгийн шилдэг ногоочноор Мөрөн сумын В.Болормаа, Хэрлэн сумын Т.Эрдэнэбаатар, Шилдэг брэнд бүтээгдэхүүнээр Өмнөдэлгэр сумын эсгий урлаач Н.Чулуунбат, Баян-Овоо сумын шигтгэмэл урлаач Ш.Нарангэрэл, Шилдэг брэнд бүтээгдэхүүн-цагаан идээгээр Дархан сумаас оролцогч Ц.Болорцэцэг, Дадал сумаас оролцогч Б.Оюунтуяа, Биндэр сумаас оролцогч Д.Байгальмаа нар шилдгээр шалгарлаа

Орон нутгийн бизнес эрхлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, бизнесийн түншлэлийг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах, аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулах зорилгоор тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай.

Үзэсгэлэнд оролцож байгаа ААН, иргэд стандартын сав баглаа боодолтой эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээс гадна, шинэ санаа, эрүүл мэндэд ээлтэй эко чанарыг агуулсан бүтээгдэхүүнийг эрхэм зорилгоо болгон хэрэгжүүлж байна.

Related news