Шинэ засаг дарга тамгаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-03 23:31:49
Хэнтий /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн 32 дахь Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын тамгыг гардуулан өглөө.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын “Засаг даргаар томилох тухай” 2021.11.03-ны өдрийн 171 дугаартай захирамжийг уншин танилцуулан, төрийн тамгыг хүлээлгэн өгч, ард иргэдийнхээ оролцоотойгоор санаачлан хэрэгжүүлсэн “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлтэй, багаар ажиллахыг хүсээд, амжилт ерөөлөө.
Тэрбээр мөн Засаг дарга Ц.Чогсомжавыг аймгийн 31, 32 дахь Засаг дарга нарын орлогчоор ажилласан туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин болохыг онцолж, 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ нягт уялдаатай ажиллах, аймаг орон нутагт тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, хурдтай, сэтгэлтэй ажиллахыг хүслээ.
Харин шинээр томилогдож буй аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өндөр итгэл хүлээлгэсэн иргэд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, төрийн ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Өнөөдөр бид өвөлжилтийн бэлтгэл байдал, 2022 оны төсөв, "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, малын гоц халдварт өвчин гээд цаг үеийн тулгамдсан олон ажилтай нүүр тулан ажиллаж байна.
Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан орон нутгийнхаа жаргал, зовлонг сайтар мэдэх УИХ-ын гишүүнтэй боллоо. Ц.Идэрбат гишүүний эхлүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, ирэх жилүүдэд нэг баг болж ажиллана. “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөр, цаашдаа хийж хэрэгжүүлэх ажилд УИХ-ын гишүүдтэй уялдаа холбоотой сумын удирдлагуудтайгаа баг болон ажиллахаа илэрхийллээ.
Related news