“Моно мийт” компани дэлхийн зах зээлд монгол малын махыг нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-13 12:41:53

Хэнтий /МОНЦАМЭ/ “Моно мийт” ХХК 80 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Түүнчлэн өдөрт 40 тн махыг -35 градусаас дээш хэмд шулаад хөлдөөх хүчин чадалтай, -15-18 градуст 500 хонийг өлгөөтэй хөлдөөх хүчин чадалтай 2000 гаруй метр квадрат талбай бүхий дэлхийн стандартад нийцсэн мах бэлтгэлийн үйлдвэрийг байгуулжээ.

Тун удахгүй энэ үйлдвэрийнхэн олон улсын зах зээлд монгол малын махыг нийлүүлэх гэж байна. “Моно мийт” компанийнхан Иран, Орос улсад мах экспортлох эрхтэй бөгөөд Хятад улс руу мөн нийлүүлэхээр хүсэлтээ илгээгээд байгаа аж.

Хан Хэнтий нутгаас, цаашилбал зүүн бүсээс Хэнтийчүүдийн манлайлал болон дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх талаар Энхтүвшин 2007 оноос эхлэн бодож, төсөөлөлдөө ургуулан, туршлага хуримтлуулж эхэлжээ. Мах махан бүтээгдэхүүний чиглэлээр боломжийн үйлдвэрлэл эрхэлж явсан найз Дагиймаатайгаа уулзахдаа өөрийн цехтэй болоод, тэр бүхнийг хийхийг мөрөөдөж эхэлсэн аж. Удалгүй түүнд танил нь санал тавьснаар найзынхаа цехийг хэсэг хугацаанд түрээслэн БНХАУ руу мах экспортолжээ. Ажлын амтыг мэдэрч, урам зориг авсан залуус төрж өссөн нутгаа түшин, 2013 онд Түмэндэмбэрэл махны үйлдвэрийг байгуулжээ. Үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2018 онд “Моно мийт” ХХК-ийг байгуулах, шинэ ажил эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байх үеэр гэнэтийн зочин ирсэн нь Очирбат байлаа. Өврийн сайхан хангайд нутагтай Чойжамцын Очирбат тэднийг зорин ирж, санал бодлоо хуваалцсанаар хөрөнгө оруулалт хийн, “Моно мийт” ХХК-ийн 50 хувийг эзэмшин, хамтран ажиллахаар болжээ. Ийнхүү баруун, зүүн бүсийн залуус нэгдэн, тавь тавин хувийн хөрөнгө оруулалт хийснээр мах бэлтгэл, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Моно мийт” ХХК-ийн шанг татжээ.

Хүсэл мөрөөдөл нь ажил хэрэг болж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн Энхтүвшин компанийнхаа гадаад харилцаа, зохион байгуулалт, үйлдвэрлэлийн бүхий л шатны ажлыг хариуцан, дэлхийн зах зээл рүү тэмүүлж явна. Түүний дүү Мөнх-Эрдэнийн Отгонтуул тус компанийн захирлаар ажиллаж байна. Олуулаа өсөж, нэгнийгээ түшиж, нэгдэн, сэтгэлээ дэлгэж амьдардаг түмэн бол төв Азийн нүүдэлчин монголчууд билээ. Энэ л жишгээр зулай зулайгаа гишгэн төрсөн эгч дүү дөрвөн сайхан бүсгүй, тэдний халамжтай сайхан ханиуд бүгд л нэгэн санаа зорилгын дор нэгдэн ажиллаж байгаа нь бахдалтай. 

Санасандаа хүрч үйлдвэрлэл нь өргөжин тэлж, Иран улс руу мах экспортлохоор бүхий л бэлтгэлээ базааж, бүтээгдэхүүн нийлүүлэхээр бэлэн болсон үед нь дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахал дэгдэж тэднийг хүнд байдалд оруулжээ. Их хэмжээний мах бэлтгэсэн тэд малчид, ченжүүдэд хэдэн зуун сая төгрөгийн өртэй болж, сошиалаар өөчлөн гоочлох нь ихсэж,найзууд нь хүртэл ар нуруугаа харуулжээ. Дөнгөж төрсөн нялх биетэй Энхтүвшинд энэ бүхэн уналт, айдсыг мэдрүүлсэн ч нөхцөл байдлыг эргэцүүлэн бодож, урагшлах урам зориг, хатуу чанга байх итгэл сэтгэлийг өгч, цаашдаа хийх зүйлүүдийг төлөвлөж эхэлсэн аж. “Хүний хийж чаддаг, толгой дотор байгаа зүйлийг хүн булаагаад авахгүй, энэ бол цаг зуурын юм” гэж хэлсэн ханийнхаа үг, халамж анхааралд бүсгүй цэцэг урган дэлбээлж, бүхнийг эхнээс нь хийх эрч хүчийг авчээ. Энэ бүхнийг харж, мэдэрч байсан үйлдвэрийн залуус цалингүй ажиллах санаачилга гарган, хүнд байдлаас гарахад нь ихээхэн дэм үзүүлэв. Хамтран зүтгэж, санаа сэтгэл нийлсэн компанийнхан богино хугацаанд хөл дээрээ босож, уналтаас гарч чаджээ. Хүнд цаг үед хамт байж, сэтгэл юугаан зориулсан үйлдвэрийнхээ ажилчдын цалинг боломжтой болсон даруйдаа өгч, хэцүү үед хүний мөн чанар танигддаг гэдгийг тэд харжээ.


Төр засаг махны экспортын квотыг үндэсний компаниуддаа олгох хэрэгтэй


Энэ цаг үед хоёр том гүрний дунд оршдог боловч ийм давчуухан амьдарч байгаад Энхтүвшин ихэд эмзэглэжээ. Монгол Улсын Засгийн газраас мах нийлүүлэх квотыг тодорхой судалгаа, тоо баримтад тулгуурлан олгодоггүйгээс жинхэнэ үндэсний үйлдвэрлэлийнхэн арын эгнээнд үлдэж, зөвшөөрөл нь монгол хүний нэртэй ч хятад эзэнтэй үйлдвэрүүд олширч, данхар бүтэцтэй төрийн байгууллагуудын үүд сахиж ажлын цагийг ашиглалгүй өнгөрөөх нь харамсалтай санагдаж. Нөгөөтэйгүүр урд хөршид ганцхан хурга саяд хүрч, эр хонь, ямаа 1.5-2 сая, адуу 2-3 сая төгрөгийн үнэтэй байхад монголчуудын шимт ургамлаар тэжээгдэж, хөлс хүчээ шавхан өсгөн үржүүлж байгаа баялаг үнэд хүрдэггүй нь гуниг төрүүлэм.

Дэлхийн банкны судалгаагаар Хятад улсын махны хэрэглээ сүүлийн 30 жилийн хугацаанд нийтдээ дөрөв дахин нэмэгджээ. "Ковид-19" цар тахлын дэгдэлт тархсантай холбоотойгоор Хятадын махны импорт 2020 оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 82 хувиар өсч 3.03 сая тоннд хүрчээ. Тэд Бразил, Австрали, Шинэ Зеланд, Аргентин зэрэг олон улсаас мах импортолдог. Монголчууд бол энэ том зах зээлийн өчүүхэн хэсгийг нийлүүлж байгаа. Гэтэл Монгол улсын Засгийн газраас үндэсний компаниудаа дэмжин,махны экспортын квотыг олгохдоо хойрго байна. Төр засгийн зүгээс экспортоо дэмжин, нийлүүлэлтийг тогтвортой, өсөлттэй байлгахын тулд оролцогч талуудыг зохицуулах, хамгаалах, квот олгох талаар тууштай бодлого хэрэгжүүлэх ёстой.

Гадаадын улсуудын импортын бүтээгдэхүүнд өндөр үнэ төлж хэрэглээгээ болгож байгаа боловч монгол малын махыг үнэд орлоо хэмээн төр засгийнхан оролцож, иргэд бухимдаж байгаад тэр эгдүүцдэг. Уг ёсондоо бид монголчуудын үйлдвэрлэж чадаж байгаа болгоныг хэрэглэн эдийн засгаа дэмжиж байж манай улс, нийгэм хөгжинө. Иргэд үнэ нэмэгдлээ хэмээн бухимдаж, төр засаг үнийг өсгөхгүй хэмээн хүчээр барьж, зах зээлийн чөлөөт нийгмийг хавчин үнэгүйдүүлж байгаа нь өнөө цагийн эмгэнэл. Мөнгө хатуу байхад хонины нэхий 15000, үхрийн шир 40000, адууны шир 50000 төгрөгөөр борлуулагдаж, салбар бүрт үндэсний үйлдвэрлэл хөгжиж байсан цаг бий. Хаврын хавсарга, цасан шуурга, аагим халуун, аадар бороотойд ч хойш суулгүй зүтгэсээр мал сүргээ өсгөж буй малчдын хөдөлмөр асар хүнд, тэвчээр хатуужлын ажил билээ. Тэд 5 жилийн турш өдөр шөнөгүй зүтгэж байж нэг хонийг 150-200 мянгаар, нэхийг 1000 төгрөгөөр өгч байна. Гэтэл бид далхан сая малаа ад үзэж, түүхий эдээ үнэгүйдүүлэн, төрийн нэгдсэн бодлогогүй сажилж явна. Тиймээс манай улс хөгжих болоогүй байна даа хэмээн Энхтүвшин санаа алдана.

Тэрээр Монголынхоо хөрсөн дээр байгаа баялгийн үнэ цэн, өртгийг өндөр байлгах нь чухал хэмээн үргэлжлүүллээ. Мөн чөлөөт зах зээлийн нийгэмд хөдөлмөрлөсөн хүн л амьдардаг гэдгийг ойлгох ёстой. Бид цаг нартай уралдан ажиллаж, улс эх орноо хөгжүүлэх ёстой. Дөрөв, таван ханатай сайхан гэрт үрсээ тойруулсан элэг бүтэн амьдралтай, гар хөл, эд эрхтэн нь бүрэн, эрүүл саруул баян хүмүүсийг чи ядуу гээд төр засаг маш их халамж өгч, үхмэл амьдрал өвлүүлж байна. Хүн хөдөлмөрлөж, ажил хийж байж үр хүүхдээ тэжээж, нийгэмдээ хэрэг болдог гэдэг үзэл бодлыг суулгахгүйгээр чи ядуу гэсэн сэтгэлгээг тархи, зүрхэнд нь шингээж байна. Халамжийг зогсоосноор эхний удаад залуус гомдох ч амьдралын мөн чанарыг таних үедээ төр засагтаа баярлана. Ээж аав нь ямар байна, хүүхдүүд нь тийм үлгэр дууриал авч, ядуу сэтгэлгээтэй ирээдүйн монгол үрс өсч байна.Хүүхдийн мөнгийг ирээдүйн хуримтлалын санд нь хийж, хүсэл мөрөөдөлдөө хүрч, боловсрол эзэмшихэд нь дэм болвол илүү өгөөжтэй. Халамж ихдэж, ялангуяа сүүлийн үед 100000 төгрөг өгдөг болсноос хойш нэг сард 1.5 сая төгрөгөөс эхэлж байгаа цалинтай ажлыг хийх хүн олдохгүй, гуйж хийлгэдэг болсон. Одоогийн байдлаар хотоос 40 гаруй хүн ирж ажиллаж байна.Чанадаг эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийг бариад ашиглалтад оруулахад 100 гаруй ажилтан хэрэгтэй. Гэтэл ажилчин маань хаана байна гэдэг асуулт эргэлдэж байна. Манай улсад ажил олгогчийн хариуцлагыг хуульчилж, татвар төлбөрийг оногдуулахаас биш ажилтнуудын хариуцлагын талаар ямар ч заалт байхгүй байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн харилцааг тэгшитгэж чадахгүй байна. Тиймээс аав, ээж , эх орноосоо хол хүний нутагт дорд ажлыг хамгийн бага хөлсөөр хийхээр зоригсдын цуваа тасрахгүй байна хэмээн ярилаа.

М.Энхтүвшин: Үйлдвэрлэл сэргэж, улс хөгжихийн тулд цэвэр өрсөлдөөн, гадны орнуудын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Монголын болоод гадаадын улсуудын өрсөлдөх чадамж ижил тэнцүү байснаар мал аж ахуйн салбар өсөж хөгжинө. Гэтэл бид эх орондоо өөрсдийнхөө хөрөнгөөр үйлдвэр барьчихаад тэрбумтан хятадуудын ажилчин болоод явж байгаа нь харамсалтай. Тиймээс хөдөлмөрийн зах зээлээ хэдийнэ бий болгож, стандартын дагуу чадлаараа зүтгэж байгаа дотоодын үйлдвэрүүдэд хятад талын зөвшөөрлийг олгож, квот өгөх нь төр засгийн зүгээс хамгийн чухал дэмжлэг юм. Мах экспортлох томоохон үйлдвэр орон нутагт ажилласнаар малчид, мах бэлтгэлийн жижиг газрууд махаа хотын үнээр борлуулж, тээврийн зардлаа хэмнэнэ.

Мал, мах бэлтгэл, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг орон нутагтаа хөгжүүлэхээр сэтгэл шулуудсан Энхтүвшинд хийхээр төлөвлөсөн зүйл маш их. ШУТИС-ийн Одон орон судлаачийн сансрын геодезийн ангид суралцаж байсан19 настай охин сургуулиасаа жилийн чөлөө аваад бизнест хөл тавьснаас хойш аймагтаа супермаркет нээж, хүргэлтийн хоолоор үйлчлэн, караоке, диско баар, ресторан ажиллуулан, анхны гэх тодотголтой бүхэнд манлайлан өнөөдрийг хүрчээ. Өдгөө цагт ч мөн аймагтаа анхлан махны үйлдвэр, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрийг нээгээд байна. Бизнестээ, ажилдаа дурласан бүсгүй Европын зах зээлийг ч алсаас ажиж сууна. Мал аж ахуйн салбарын түүхий эдийг боловсруулах иж бүрэн үйлдвэр ч түүний сэтгэлд зураглагджээ.

Юм хийж сурсан хүн үнэ цэнтэй зүйлийг харж чаддаг, харах өнцөг нь өөр байдаг юмсанж. Жижиг дунд үйлдвэрлэлд хамаардаггүй энэ салбарыг хөгжүүлэн, малчдын хөдөлмөрийн үнэ цэн, өртгийг өсгөхийг тэр хүсдэг. Жилийн 18 хувийн хүүтэй банкны зээлийн хүүнд жилд 720 сая төгрөг төлдөггүй байсан бол үйлдвэрлэлээ хоёр дахин томруулан илүү олон ажлын байр гаргаж, илүү ихийг хийх байсан аж. Тэг зогсолттой үед ч банкны хүүгээ төлж, өөрөө хүүтэй мөнгө зээлчихээд ажилчдадаа хүүгүй өгч, 10-аад ажилтнаа өрх толгойлон амьдралаа эхлүүлэхэд нь нэмэр болж, хүүхдийн сагсан бөмбөгийн талбайг өөрийн хөрөнгөөр барьсан гээд хийсэн зүйл ихтэй ч би хүнд тус болох ёстой, зургийг нь аваад олонд зарлаад байх дургүй, энэ бол нийгэмдээ гүйцэтгэх миний үүрэг хэмээн инээмсэглэж суух Энхтүвшингээр бахархууштай. Дэлхийн дайтай сэтгэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх монгол бүтээгдэхүүнийг Хэнтий нутгаас бэлтгэн нийлүүлэх их үйлс нь өрнүүн амжилтаар дүүрэн байхын ерөөлийг өргөе.

Related news