Хоёр суманд үхрийн арьс товруутах өвчин гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Баян-Овоо, Мөрөн сумын нутаг дэвсгэрт нийт 31 тооны үхэр үхрийн товруутах өвчнөөр өвчилсөн тул голомтод нь устгалд оруулжээ.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт уг өвчин илэрснээр нийт 1700 гаруй үхрийг устгалд оруулаад байна.
Шинээр илэрч байгаа өвчин тул иргэд өөр өвчинтэй андуурах, малын шилжилт хөдөлгөөнийг хийснээр газар авахуулж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна. Үхрийн арьс товруутах өвчин нь дулааны улиралд шавж, хорхойгоор, хүйтний улиралд бэлчээрээр халддаг байна. Өвчний гоц шинж тэмдэг нь үхрийн хүзүү, гэдэс,цавь, суга зэрэг нимгэн арьсанд гүвдрүү, товруу гарснаар сүүний гарц муудаж илэрдэг аж.
Устгалд оруулсан үхрийн нөхөн олговрыг засгийн газрын нөөц хөрөнгөөс олгох
бөгөөд 80-90 хувийг нь зах зээлийн үнээр
үнэлж олгох юм. Энэхүү өвчнөөс сэргийлж УОК-оос 11 дүгээр сарыг дуустал отор
нүүдэл, амьд малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглоод байна.
Малчин иргэддээ сэрэмжлүүлэхэд отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнөө хязгаарлаж,
малаа байнгын бэлчээрээр хариулж, аль болох бусад айлын үхэртэй нийлүүлэхгүй байж
малдаа тавих хараа хяналтаа сайжруулахыг аймгийн Мал эмнэлгийн газраас зөвлөж байна.
Монгол Улсад шинээр илэрч буй үхрийн арьс товруутах өвчинд эмчилгээ, вакцин
гараагүй байгаа бөгөөд шууд устгалд оруулах заавартай тул малын гоц халдварт
өвчинд албан ёсоор бүртгэгджээ.

