Монгол, Аргентины хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх эрмэлзэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2021-12-23 11:35:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Аргентины дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан Монгол Улсаас Аргентин улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэгээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар тодруулав.

 

-Монгол, Аргентины дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулна уу? 


-Монгол, Аргентины дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр улсын төрийн тэргүүн нар тус тусын оронд Элчин сайдаа томилон гуравдагч улсаас хавсран сууж, хариуцан ажилладаг байсан хэдий ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа төдийлөн бодит үр дүнд хүрэхгүй байлаа. Харин 2007 онд тухайн үеийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат тэргүүтэй төлөөлөгчид Аргентинд айлчилж, хоёр орны ГХЯ-дын хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулснаар хоёр тал улс төрийн зөвлөлдөх механизмтай болсон юм. Ингээд ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт 2017, 2019 онд амжилттай болж, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодит эхлэл тавигдсан. Энэ хугацаанд Техникийн хамтын ажиллагааны тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсанаар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдээд байна. 

Энэ ондоо ГХЯ-дын III зөвлөлдөх уулзалтыг дэлхий нийтэд тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Манай улс Аргентиныг Кубаас, харин манай улсыг Бээжингээс хариуцдаг. Бид Хавана дахь Аргентины Элчин сайдын яамтай тогтмол харилцаатай, нягт хамтран ажилладаг. Миний бие энэ оны 3 дугаар сард Аргентины Гадаад хэргийн дэд сайд Пабло Теттамантид Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор ороод байгаа. Цар тахлын байдал сайжирмагц Аргентины төрийн тэргүүнд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үр дүнд чиглэсэн хэд хэдэн албан уулзалтууд хийхээр төлөвлөж байна. 

Сүүлийн үед боловсрол, спортын салбарт ч тодорхой ахиц гарч байна. Монгол Улсын Их сургууль болон Буэнос Айресийн Их сургууль, Сан Мартины Үндэсний Их сургуулийн хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, их сургуулиуд хооронд шууд холбоо тогтоож өгөв. Хоёр орны Хөл бөмбөгийн холбоод хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

 

-Хоёр талын харилцааны чухал салбарыг Та хөдөө аж ахуйн салбар хэмээн онцоллоо. Энэ чиглэлээр талууд хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ? 


-Өргөн уудам газар нутагтай, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар нь уламжлагдан хөгжиж ирсэн зэрэг олон адил төстэй чанар бидэнд бий. Аргентины өмнөд мөсөн далайтай хиллэдэг нутгийн урд хэсгийн цаг агаар манайхтай тун төстэй, тэнд хүмүүс нь хонины махыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг. Аргентин улс бол хөдөө аж ахуйн салбарын хөгжлөөр бүс нутагтаа төдийгүй, дэлхийд танигдсан орон. Үхрийн махны экспортоор дэлхийд 5 дугаарт жагсаж байна. Сүүлийн жилүүдэд органик газар тариалан мөн өндөр хөгжиж байгаа. Энэ ч утгаараа хоёр талын хамтын ажиллагааг энэ чиглэлээр түлхүү хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаа. Түүнчлэн Аргентин нь сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, малын эрүүл ахуйг хангах, дархлаажуулах, олон улсын стандартад нийцсэн үхрийн мах экспортлох зэрэг чиглэлээр арвин туршлагатай бөгөөд малын гоц халдварт шүлхий өвчнийг бүрэн устгаж чадсан орон юм. Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд эдгээр чиглэлүүдээр гадаадын орнуудад 200 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг.  

Манай хоёр орны Засгийн газрын байгуулсан Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Монголд хэрэгцээ, шаардлагатай төсөл хөтөлбөрийн чиглэлийг тодорхойлох зорилгоор Аргентины Хөдөө, аж ахуйн технологийн хүрээлэн /INTA/, Хүнсний аюулгүй байдлын чанарын алба /SENASA/-ны мэргэжилтнүүд 2018-19 оны хооронд Монголд ирж, судалгаа хийсэн. Бид энэ ондоо Техникийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн анхдугаар уулзалтыг хийхээр бэлтгэж байна. 

Түүнчлэн 2017 оноос хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог болсон тул манай бизнес эрхлэгчид хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлалын зэрэг чиглэлээр Аргентины талтай холбоо тогтоон, хамтран ажиллахад бид бүхий л талаар дэмжин ажиллахад бэлэн байна. 


ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА


Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс 1971 оны 9 дүгээр сарын 7-нд албан ёсны дипломат харилцаа тогтоосон. 


Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Аргентин Улсад 2007 оны 5 дугаар сарын 6-8-ны хооронд ажлын айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат Аргентины ГХЯ-ны Гадаад бодлогын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Эспече Хиллтэй хэлэлцээ хийж, “Монгол Улсын ГХЯ, Аргентин Улсын Гадаад хэрэг, олон улсын худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурснаар хоёр тал улс төрийн зөвлөлдөх механизмтай болов. 


2017 оны 3 дугаар сард Монгол, Аргентины ГХЯ-дын aнхдугаар улс төрийн Зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. 


Мөн үеэр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Аргентин Улс хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байна.  


2019 онд 1 дүгээр сард Монгол, Аргентины ГХЯ-д хоорондын хоёрдугаар улс төрийн Зөвлөлдөх уулзалт Буэнос Айрес хотноо болов. Уулзалтыг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, айлын талаас Гадаад хэргийн дэд сайд Даниель Раймонди нар тэргүүлэв. Талууд Монгол, Аргентины найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, спортын салбарт хамтран ажиллахаар тохиролцов.


Уулзалтын үеэр “Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Аргентин Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэв.  


2019 оны 4 дүгээр сард Бүгд Найрамдах Аргентин Улсын Үндэсний Конгрессын гишүүн, Аргентин-Монголын парламентын найрамдлын бүлгийг дарга Хосе Игнацио де Мендигүрэн тэргүүтэй төлөөлөгчид Монголд ажлын айлчлал хийж, мөн үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ дахь Монгол, Латин Америкийн бүлгийн дарга Ц.Даваасүрэн нартай ажил хэргийн уулзалт хийв.  

2019 оны 3 дугаар сарын 19-24-нд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Аргентин Улсад ажлын айлчлал хийж, НҮБ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны дээд түвшний хоёрдугаар хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцов. Айлчлалын үеэр Сайд Ч.Улаан Аргентины Хөдөө аж ахуйн сайд Луис Мигель Этчэвэхерэтэй уулзаж, Аргентины мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт хуримтлуулсан ололт амжилтыг судлах, туршлага солилцох, салбарын хүрээнд идэвхтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцов.


Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсыг хавсран суугаа Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны 3 дугаар сарын 18-нд Бүгд Найрамдах Аргентин Улсын Гадаад хэргийн дэд сайд Пабло Анселмо Теттамантид Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров. Цахим хэлбэрээр болсон энэхүү ёслолын үеэр талууд Монгол, Аргентины хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгааг онцлон хоёр талын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, мал аж ахуй, худалдаа, бизнес, аялал жуулчлал, боловсрол, спортын зэрэг салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.


2021 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд нар баярын захидал солилцов. Талууд өнгөрч буй хагас зууны хугацаанд манай хоёр орон, ард түмнүүд бие биеэ танин мэдэж, найрсаг нөхөрлөж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэхийн сацуу цаашид хоёр талын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бизнес, соёл, спорт зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.


Аргентины талаарх сонирхолтой баримт 

• Аргентин улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд 8 дугаарт ордог. Хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар эдийн засагт тэргүүлэх байр эзэлдэг. 44 сая хүн амтай Аргентин улс 400 сая хүнийг хүнсээр хангадаг. Аргентины үхрийн мах, улаан дарс дэлхийд алдартай.  


• Популист улс төрч Хуан Перон алдартай сэтгүүлч, жүжигчин, ард түмний сэтгэл зүрхийг булаасан эхнэр Эва Дуартын дэмжлэгээр 1946 онд Аргентины Ерөнхийлөгч болсноор “Пероны эрин үе”-ийг эхлүүлсэн. 1973 онд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. 


• 2013 онд Ромын папаар аргентины лам Хорхе Берголио сонгогдсоноор Өмнөд Америкаас төрсөн анхны пап болсон.


• Нийслэл Буэнос Айрес хотыг Өмнөд Америкийн “Парис” хэмээн нэрийддэг. Хотын “Caminito” гудамжийг Танго бүжгийн өлгий хэмээдэг. Танго бүжгийг аргентинчууд 2 үгээр тодорхойлно: “pasion” буюу хүсэл тэмүүлэл, “sentimiento” буюу мэдрэмж. 


• Хөл бөмбөгийн эх орон. Аргентинчууд хөл бөмбөгөөр амьсгалдаг хүмүүс. Алдарт Марадона, Месси зэрэг дэлхийн шилдэг тоглогчид энэ нутгаас төрсөн. 


• Өмнөд туйлтай ойр оршдог “Perito moreno glacier” мөсөн уулыг үзэхээр сая сая жуулчид Аргентиныг зорьдог. 

Related news