Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дэргэдээ цэцэрлэгийн салбар бүлэг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-11 16:43:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дэргэдээ цэцэрлэгийн салбар бүлэг шинээр байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Хүүхдийн эрхийн тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн “Марчаахай” салбар бүлгийг аймагтаа төдийгүй баруун бүсэд анхлан байгууллаа хэмээн тус газрын дарга Б.Алтайбаатар нээлтийн үеэр онцлон хэллээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ: “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, Есөнбулаг сумын бусад цэцэрлэгийн анги дүүргэлтийг тэнцвэржүүлэх, төрийн байгууллагуудын санал санаачилгыг дэмжих, үлгэр дуурaйлал болох зорилготой энэхүү цэцэрлэгийг шинээр байгуулахад хамтран ажилласан аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Есөнбулаг сумын Гуравдугаар цэцэрлэгийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээв.

Нээлтийн үеэр ГБХЗХГ-ын дарга Б.Алтайбаатар, Гуравдугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Нэргүй нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт байгууллагын ажилчдын хүүхдүүд хамрагдаж байгаа учир бүлгийн багш нар уртасгасан цагаар ажиллана гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Есөнбулаг сумын Гуравдугаар цэцэрлэг нь аймгийн ГБХЗХГ-ын дэргэд ийнхүү “Марчаахай” бүлгээ нээж үйл ажиллагаагаа эхэлснээр энэ хичээлийн жилд нийт 180 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулан үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа аж.


Related news