Малчид байгаль орчин, нутаг усаа хамгаалахаар эвлэлдэн нэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас малчдад хууль бусаар ашигт малтмал олборлох хууль, холбогдох дүрэм журмын талаар зөвлөмж мэдээлэл хүргэжээ.
Тодруулбал, Тонхил сумын Зүйл багийн Иргэдийн нийтийн хурлаар Улсын тусгай хамгаалалтай газар болон усны сан бүхий газарт хууль бусаар ашигт малтмал олборлох аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглох, явуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага болоод байгаль хамгаалах нөхөрлөл байгуулах талаар холбогдох хууль дүрэм журмыг танилцууллаа.
Хуралд оролцсон иргэдийн санал санаачилгаар "Сүүтэй уулынхан", "Баян нуруу" нөхөрлөл байгуулан байгаль орчин, бэлчээр, нутаг усаа хамгаалахаар эвлэлдэн нэгдсэн тухай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. Мөн багийн малчин Б.Баярсайхан, Ш.Ганболд нарыг идэвхтэн байгаль хамгаалагчаар томилон үнэмлэх, тэмдэг гардуулж, ажиллах чиг үүргээр ханган гэрээ байгуулжээ.
Төрийн тахилгат Сутай хайрхан уулын улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдаагүй бөгөөд төрийн болон хууль хүчний байгууллагууд, нутгийн иргэд хамтран байнгын харуул хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж байгаа ажээ.