“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2022” аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2022” аян дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэхээр нээлтээ хийлээ.
Энэ жил “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор өрнөх бөгөөд аяныг аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийгмийн даатгалын хэлтэс, МСҮТ хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.
Сарын аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулсан ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон нутгийн зөвлөлөөс Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журам, стандарт", "Үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөл”, “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм”, “Цахим системийн талаар", "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга", "Аюулыг илрүүлэх дадлага ажил", "Галын аюулгүй байдал MNS5566:2020 стандарт" сэдвээр сургалт мэдээлэл хийлээ.
Сонирхуулахад, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байр дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон Олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.