Эрүүл мэндийн сайд Хэнтий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-20 20:42:26
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Чингис хотод УИХ гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар энэ сарын 19-ний өдөр ажиллалаа.
Энэ үеэр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулзалт хийв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын эхэнд цар тахалтай тэмцэх тэргүүн фронтод амжилттай ажилласан Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарынхан болон тэдний ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцууллаа.
Тухайлбал эрүүл мэндийн салбарын цахимжилт, эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотой гарч буй дэвшил ба асуудлууд, мөн 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэх хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар танилцуулав.
Харин УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, УИХ-ын үйл ажиллагаа, “Эргэх холбоо” тойргийн гишүүдийн нэгдсэн ажлын алба, хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, уулзалтад оролцсон эрүүл мэндийн ажилчдын асуултад хариулж санал бодлыг сонслоо.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүд нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, төрөх тасаг, мэс засал, гемодиалезийн ба яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилгоор шинээр байгуулж тохижуулсан Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтэд оролцлоо.
Эрүүл мэндийг дэмжих төвийн тоног төхөөрөмж, засварт 1,6 тэрбум төгрөг Засгийн газраас зарцуулсан байна. УИХ гишүүд ба Эрүүл мэндийн сайд тус аймагт суурилуулж буй 1.8 тэрбум төгрөгийн ангиографийн аппарат, Нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс засал хийхэд ашигладаг АНУ-ын Thompson компанийн мэс заслын иж бүрэн багаж, 155 сая төгрөгийн алсын дуудлагын иж бүрэн тоноглогдсон Toyota Land cruiser 78, Өлзийт суманд УАЗ Фургон автомашин гардуулан өгч, хамт олноо хошуучлан ажиллаж буй зарим ажилтныг салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Related news