“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аянд 770 гаруй сурагч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. "New Story" хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдад эрсдэлээс сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтыг аянд 770 гаруй сурагч оролцов.
Аяны үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч Д.Алтанзагас, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Отгончимэг нар нээж үг хэлсэн бол Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш, аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Алтайбаатар, БШУГ-ын дарга Ж.Амгаланбаатар нар сурагчдад мэдээлэл хүргэж, амжилт хүсэж үг хэлсэн юм. Мөн үеэр:
-СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Ш.Эрдэнэчимэг-“Монголын үнэт зүйл”,
-Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны тэргүүн Ш.Сособарам-“Мэргэжил сонголт ирээдүйн баталгаа”,
-“Нарнаас том А” подкастын үүсгэн байгуулагч Н.Ганбилэг өөрийн сонирхолтой илтгэлийг тавьсан тухай аймгийн ГБХЗХГ-аас танилцуулсан юм.
Мэргэжил сонголт нь сурагчдын хувийн сонирхол, өөрсдийн асуудал мэт боловч улс орны хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, тэнцвэрт байдал, ажилгүйдэл, ядуурал, хувь хүний амьдрал гээд бүхий л түвшинд нөлөөлөөд зогсохгүй, хэрхэн зөв сонгох нь “Үнэт эрдэнэ” олсноос ч чухал асуудал болдог билээ.