Л.Мөнхзул: Төрийн албан хаагчдын 70,6 хувь нь үндэсний бичгийн боловсрол эзэмшсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний
бичиг үсгийн баяр”-ыг угтан тус аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс
хэрэгжүүлсэн үйл ажиллагааг тодруулахаар БШУГ-ын Л.Мөнхзултай
ярилцлаа.
-Энэ жил Дундговь аймгийн хэмжээнд “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтаж зохион байгуулсан үйл ажиллагаагаа танилцуулна уу?
-Аймгийн Хэлний бодлогын
салбар зөвлөлөөс төлөвлөгөө гарган, “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг өргөн
хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд олон байгууллага хамтран оролцлоо. Зарим малчид сайн дураараа ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн
өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг угтаад аймгийнхаа багш нар, төрийн албан
хаагчид, сургуулийн сурагчдын үндэсний бичиг үсгээ хэрэглэх чадамжийг нэмэгдүүлэх,
ерөнхий түвшнийг тодорхойлох, бичиг үсгээ олон нийтэд таниулах зорилгоор үйл
ажиллагаагаа зохион байгуулдаг.
Тухайлбал,
аймгийн БШУГ-аас Ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн нийт сурагчаас “Монгол хэл бичгийн шалгалт” авч, багш
нарын дунд Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, монгол хэл бичгийн
багш нарын дунд “Цахим контент” уралдаан
зарлаж ажлаа дүгнэсэн.
Харин
С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сангаас 15 сумын Соёлын төв, 19 сургуулийн
номын санч нарыг чадавхжуулж, мэргэжил аргазүйн сургалт зохион байгуулан, Сайнцагаан
сумын ЗДТГ-тай хамтран үндэсний бичгийн “Хурдан уншигч”-ийг шалгарууллаа.
Нийтэд нь
дүгнэн хэлэхэд, энэ жилийн “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын үйл ажиллагааны хүрээнд
20 орчим уралдаан, сорил, мэдлэг, чадвар сорьсон үйл ажиллагааг аймаг, сумын ЗДТГ,
сургууль, төрийн албан хаагчид, малчид, иргэдийн дэмжлэгтэйгээр зохион
байгуулж, багш нар, сурагчид, төрийн
албан хаагчид гээд нийт 1438 хүнийг хамрууллаа.
-Энэхүү ажлуудыг зохион байгуулахад ямар байгууллагууд
хамтарч, дэмжиж оролцсон бэ?
-Мэдээж энэ
олон ажлыг Хэлний бодлогын салбар зөвлөл эсвэл БШУГ дангаараа хийнэ гэвэл хүч
хүрэхгүй. 2022 оны хувьд эдгээр үйл ажиллагааг аймгийн Хэлний бодлогын салбар
зөвлөл, аймгийн ЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ, Монгол Улсын Боловсролын их
сургууль, МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонин, Боловсрол шинжлэх ухааны газар, Соёл урлагийн
газар, С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сан, Сайнцагаан сумын 5
сургууль, Политехник коллеж хамтран зохион байгууллаа.
Мөн энэхүү
үйл ажиллагааг дэмжин Сайнцагаан сумын Үйзэн багийн “Аймгийн аварга малчин” С.Энхтайван 500 000 төгрөг, “Сумын аварга малчин” Ж.Бат-Эрдэнэ нэг сая
төгрөг, "Сувинер хөүм" сүлжээ дэлгүүрийн Дундговь дахь салбарын эрхлэгч Б.Насанжаргал 100 000 мянган төгрөг, “Хаан
бичиг өв түгээгч” ХХК-ийн захирал О.Заяа 300 000 мянган төгрөгийн үнэ бүхий ном хэрэглэгдэхүүнийг
хандивласан.
Манай аймаг
2015 оноос “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тогтмол тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэ жил илүү өргөн хүрээнд, илүү олон хүнийг хамарч, илүү хүртээмжтэй боллоо
гэж зохион байгуулагчдын зүгээс дүгнэж байгаа.
-Сургууль бүр өөр өөр, онцлог ажлуудыг зохион байгуулжээ.
Энэ талаар тодруулбал?
-Сайнцагаан
сумын 5 сургууль, Политехник коллеж, аймгийн Төв номын сан бүгд өөр ажлуудыг
хариуцан зохион байгуулсан. Дээр хэлсэнчлэн Төв номын сангаас сурагчдын дунд
үндэсний бичгийн “Хурдан уншигч”-ийг шалгарууллаа.
Хүмүүнлэг
сургуулиас төрийн албан хаагчид, багш нарын дунд “Цахим бичвэр”-ийн уралдааныг
зохион байгуулсан. Энэ нь компьютер дээр монгол бичгээр зөв, хурдан бичих чадварыг
тодорхойлох үйл ажиллагаа байсан. Нийт 71 төрийн албан хаагч оролцсон.
Мандал
сургуулийн хамт олон монгол бичгээ сурталчлах зорилгоор “Тик ток” бэлтгэх
уралдаан зарланж, Луус, Дэлгэрхангай, Сайнцагаан сумын 21 сурагч оролцож,
Дэлгэрхангай, Луус, Цэгц билиг сургуулийн сурагчид амжилттай оролцлоо.
Политехник
коллежийн хамт олон иргэдийн дунд “Тээгч, түгээгч” өдөрлөг зохион байгуулж,
бийрэн бичлэгийн сургалт явуулсан. 18 иргэн оролцсон. Мөн Говийн ирээдүй
цогцолбор сургууль 6-9, 10-12 дугаар ангийн сурагчдын дунд 2 ангиллаар “Бийрэн
бичлэг”-ийн уралдаан зохион байгуулж, ангилал тус бүрт эхний гурван байрт Цэгц
билиг сургуулийн сурагчид шалгарсан. Төрийн албан хаагчдын дунд зохион
байгуулсан их сорилгыг "Эрдмийн далай" цогцолбор сургууль, сурагчдын дунд зохион
байгуулсан сорилгыг "Цэгц билиг" сургууль удирдаж гүйцэтгэлээ. Манай сургуулиудын
оролцоо сайн байлаа.
-Үндэсний бичиг үсгийн мэдлэг чадварын энэ жилийн сорилго
олимпиадад хэдэн хүн оролцож, ур чадварын хувьд ахиц нь ямар байна вэ?
-Сүүлийн
хоёр жил Сайнцагаан сумын лаборатори "Эрдмийн далай" цогцолбор
сургууль төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварын сорилго
олимпиадыг зохион байгууллаа. Аймгийн хэмжээний 180 гаруй төрийн албан хаагчид
оролцсон.
Бага ангийн
багш, Сургуулийн өмнөх боловсролын багш, Бусад мэргэжлийн багш, Төрийн
захиргааны албан хаагч, Төрийн тусгай албан хаагч гэсэн 5 төрлөөр сорил авсан.
Бага ангийн багш нарын олимпиадын төрөлд Эрдэнэдалай
сумын сургуулийн багш Т.Мөнхзаяа түрүүлж, "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн
багш Б.Уранчимэг, "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн багш Э.Догмидцэрэн нар
удаалж, Хүмүүнлэг сургуулийн багш Д.Нарантуяа, Б.Цэцэгсүрэн нар тусгай байр
эзэлсэн.
Сургуулийн өмнөх боловсролын багш нарын олимпиадын төрөлд
Хулд сумын цэцэрлэгийн багш Г.Алдармаа түрүүлж, Сайнцагаан сумын 8 дугаар
цэцэрлэгийн багш Л.Чимэдцэеэ, Хулд сумын цэцэрлэгийн багш Э.Мөнхтогоо нар
удаалж, 2 дугаар цэцэрлэгийн багш Д.Шинэжаргал, 3 дугаар цэцэрлэгийн багш
Э.Ариунаа нар тусгай байрт шалгарчээ.
Харин бусад мэргэжлийн
багш нараас "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн багш Д.Амартайван,
Эрдэнэдалай сумын сургуулийн багш П.Болормаа, Хүмүүнлэг сургуулийн багш
Э.Одсүрэн, "Цэгц билиг" сургуулийн багш Б.Урансайхан, Өлзийт сумын сургуулийн
багш М.Нарангарав нар эхний байруудад жагссан байна.
Төрийн тусгай албан хаагчдаас Цэргийн ангийн ажилтан
Э.Номиндарь түрүүлсэн бол төрийн захиргааны алба хаагчдаас БОАЖГ-ын мэргэжилтэн
М.Мөнхзул түрүүлж, МХГ-ын байцаагч И.Тогооч, Г.Мөнхсарнай нар удаалж, УЦУОШГ-ын
мэргэжилтэн Э.Буяндэлгэр, Луус сумын Засаг даргын орлогч Э.Ганчимэг нар тусгай
байрт шалгарчээ.
Сорилын
ерөнхий дүнгээр төрийн алба хаагчдын үндэсний бичгээр унших, бичих чадамж
дээшилсэн байна гэж дүгнэж байгаа.
-Аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлөөс өнгөрсөн жилээс
эхлэн Ардын багш Д.Төмөртэй хамтран төрийн алба хаагчдад цахим сургалт явуулж
байгаа. Энэ нь төрийн албан хаагчдын монгол бичгээр бичих, унших чадвар дээшлэхэд
нөлөөлсөн үү?
-Нөлөөлсөн.
Энэ үнэхээр ач холбогдолтой үйл ажиллагаа болсон. Д.Төмөр багштай хамтран 43
цахим хичээлийг бэлтгэн, жилийн турш цахим сургалт хийн, сорил авч, гэрийн
даалгавар өгөн шалгаж, амжилтыг нь мэдээлэх зэргээр олон үйл ажиллагааг зохион
байгуулснаар төрийн албан хаагчдын 70,6
хувь нь үндэсний бичгийн боловсрол эзэмшсэн.
Өнгөрсөн
жил “Төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн модуль сургалт”-ыг зохион
байгуулж, аймгийн хэмжээний 145 байгууллагын 3303 төрийн албан хаагчаас цахим
сургалтад 2335, танхимын сургалтад 2001, нийт 4336 албан хаагч хамрагдан, 292
албан хаагч батламжаа гардан авчээ.
Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг
тодорхойлох судалгаа”-нд манай аймгийн 134 байгууллагын 3019 төрийн албан хаагч
хамрагдан улсын хэмжээнд мэдлэгийн түвшнээрээ 5 дугаар байрт эрэмбэлэгдсан. Үүнээс
дүгнэхэд манай аймгийн төрийн албан хаагчдын дийлэнх нь 2025 онд “Хос бичгээр”
ажлаа явуулахад бэлтгэгдэж чаджээ.
-Аймгийн хэмжээнд
6-гаас дээш ангийн сурагчдын дунд монгол бичгээр унших, бичих чадварыг
тодорхойлсон байна. Үүнд аль сургууль амжилттай оролцсон бэ?
-Сайнцагаан сумын "Цэгц билиг" сургуулиас
6-12 дугаар ангийн сурагчдын унших, бичих чадварыг тодорхойллоо. 15 сумын 19
сургуулийн 6-12 дугаар ангийн 566 сурагч
оролцсон.
Сурагчдын амжилтаар нь авч үзвэл "Цэгц
билиг" сургуулийн багш Ц.Цэвэлмаа, А.Буянхишигт, "Мандал" сургуулийн багш
Б.Энхжаргал нарын бэлтгэсэн сурагчид илүү их амжилт гаргаж оролцсон.
Тэгэхээр сургуулиудаас сурагчдынхаа
амжилтаар "Цэгц билиг" сургуулийн сурагчид 17 медаль авч, бусдыгаа хошуучилжээ.
-Энэ жилийн “Бичиг үсгийн баяр” нэгдсэн үйл ажиллагааны онцлог нь юу байсан
бэ?
-Энэ жилийн хувьд “Бичиг үсгийн баяр”
нэгдсэн үйл ажиллагааг нэлээд өргөн хүрээнд аймгийн Төв халхын дуулалт жүжгийн
театрт зохион байгуулсан.
Улаанбаатараас ГХЯ-ны дипломатч, монгол
хэл бичиг судлаач Б.Баясгалан, МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа,
аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар ивээн
тэтгэсэн “Аймгийн аварга малчин” С.Энхтайван нар урилгаар оролцлоо. Түүнээс гадна аймгийн
хамгийн хол Сайхан-Овоо, Өндөршил сумаас 6-р ангийн 45 сурагч ирж оролцсон. Энэ
нь манай үйл ажиллагааг их чимсэн.
Их олон уралдаан, тэмцээн зохион
байгуулсан учраас 100 гаруй хүнд шагнал гардуулсан. Өргөн хүрээнд зохион байгуулсан үйл
ажиллагаа боллоо гэж дүгнэж байгаа. Энэ үеэр сургуулиуд уралдаанд оролцсон бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан.
-Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.




