Тайшир сумын газар тариалан эрхлэгчдэд 145 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-09 15:03:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд 145 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн дагалдах хэрэгсэл бүхий трактор бусад тоног төхөөрөмжийг Тайшир сумын газар тариалан эрхлэгчдэд хүлээлгэн өглөө.

Говь-Алтай аймгийн газар тариалангийн бүс нутагт Тайшир сум зүй ёсоор багтдаг. Аймгийн ЗДТГ, Тайшир сумын ЗДТГ, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих” төсөлтэй хамтран Тайшир сумын Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын зөвлөх Д.Батбилэг, ХХААГ-ын дарга Т.Сүхбаатар, Тайшир сумын удирдлагууд, багийн Засаг дарга, Хуримт, Далан, Галуут багийн 42 тариаланч оролцов. 

Энэхүү зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын зөвлөх Д.Батбилэг “Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Газар тариалан, жимс жимсгэнэ төсөл арга хэмжээний хэрэгжилтийн талаар”, ХХААГ-ын дарга Т.Сүхбаатар “ХААЯ-аас газар тариалангийн чиглэлээр баримталж байгаа бодлого шийдвэр, хөнгөлөлттэй зээлийн талаар” илтгэл хэлэлцүүлгийг өрнүүлж тариалан эрхлэлгчдэд мэдээлэл зөвлөмж хүргэсэн юм. 


Related news