Дорноговийн музейн хосгүй үнэт үзмэрүүд "Чингис хаан" музейд байршина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн музейд буй Монгол Улсын хосгүй үнэт үзмэрт тооцогддог үзмэрүүдийг “Чингис хаан" музейд
шилжүүлэхээр болжээ. Тодруулбал,
XIII зууны
үеийн язгууртан эмэгтэй хүний өмсөж байсан өвөл, зуны гурван дээл бий.
Урт нь 145 см, өргөн 222 см хэмжээтэй дээл нь
шарилыг хучиж тавьсан байдалтай олджээ. Ямар нэг зэрлэг амьтны арьс зарим
хэсэгтээ хүрэн өнгийн үстэй бололтой, элдэж боловсруулан, хөрстэй хэсгийг нь
доош харуулсан, зөв ташуу энгэртэй, нарийн ханцуй, уужим сугатай, урт, нэлээд
элбэг өргөн эсгүүртэй дээл юм. Мөн магнаг торгон дээлийн урт
нь 156 см, өргөн 155 см. Магнаг торгон дээлийн хоёр ханцуйг өвөр лүү нь нугалан
эвхэж шарилын толгой доор дэрлүүлсэн байжээ.
Дээлийн зүүн ханцуй тохойноосоо урагш, урд
энгэр хормойн зарим хэсгүүд үжирч муудан салбарч урагдаад 30-40 хувь үгүй
болсон. Энэ дээл нь зүүн гар талдаа дарсан ташуу энгэр, нарийн
ханцуй, уужим суга, газар шүргэсэн урт, өргөн хормойтой.
Гадар өнгийг хоёр өөр хээтэй хоёр магнаг торгоор урласан аж.
Дотуур дан дээлийн урт 132 см, өргөн 158 см. Дээл нь нарийн нэхээстэй улаан хүрэн өнгийн нимгэн торгоор хийсэн, зөв тийш дарсан ташуу энгэртэй, босоо захтай, нарийн ханцуйтай, хуниас бүхий сул дэрвэгэр хормойтой. Мөн XIII зууны үеийн хатмал шарилыг ч “Чингис хаан” музейд
дэлгэхээр болжээ.