В.Ойдов: Хүн бүр бүрэн, бүтэн амьдралтай байхыг хичээгээрэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-14 15:23:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “REHTUS” ХХК-ийн захирал В.Ойдов Дундговь аймагт урилгаар ирж, Мандалговь хотод зохион байгуулсан “Баялаг бүтээгч иргэн болцгооё” уулзалтад оролцлоо.

Тэрээр оролцогчдод амьдралын бэрхшээлийг гэр бүл, найз нарынхаа тусламжтайгаар хэрхэн даван гарч, амжилтад хүрсэн өөрийн амьдралын түүх, тэгш хүртээмж, нийгмийн хандлагын талаар сонирхолтой лекц тавьж, ярилцлага өрнүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, аавуудад зөвлөгөө өгсөн юм.

Уулзалтыг тус аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”, “Нэг үеийнхэн 98” ТББ-ын санаачилгаар “Боломжийг бүгдэд” төслийн баг хамтран зохион байгуулж, 200 гаруй иргэн оролцов.

В.Ойдов Өмнөговь аймгийн харьяат. Түүний аав, ээж хоёр хоёулаа эмч мэргэжилтэй, олон жил аймагтаа мэргэжлээрээ ажилласан хүмүүс.

Түүнийг төрөх үед олон хүн гайхаж байсан ч эх барьж авсан эмч нь “танай хүүхэд хүн болно оо” гэж хэлсэн гэдэг. Дараа нь их сургуулийн багш дээрээ очоод хүүгийнхээ талаар танилцуулахад багш нь “танай хүүхэд цэрэгт явахгүй байх, барилгачин болохгүй байх, гэхдээ амьдралаа аваад явчих хүн болно оо” гэж хэлсэн нь аав, ээж хоёрт нь маш их урам зориг өгсөн байх хэмээн Ойдов яриагаа эхэлсэн юм.

Түүний амьдралын түүх бол тэр чигээрээ сургамж аж. Анх 3 сартайдаа хагалгаанд орж, 3, 4 настай байхдаа өөрийгөө бусдаас өөр юм байна гэдэг мэдрэмжийг авч, 7 дугаар ангид сурч байхдаа ирээдүйн амьдралаа ухамсарлаж, өөрөө өөрийнхөө амьдралыг авч явах ёстой гэдгээ ойлгосон.

Түүнийг ийнхүү өөрөө өөртөө зорилготой, түүнийхээ төлөө тэмцэхэд хүргэсэн зүйл бол аавынх нь хүүтэйгээ хийсэн яриа байж. Хичээлдээ тийм ч сайн хичээхгүй байгаа хүүгээ аав нь дуудаад “хэрвээ чи жаахан ч гэсэн хичээхгүй бол 9 дүгээр ангидаа орж чадахгүй, хэрэв 9 дүгээр ангидаа орж чадахгүй бол гэртээ л суусан хүн болно, түүнээс дээш гарч чадахгүй, аав, ээж хоёр нь чиний төлөө хийж чадах бүх юмыг хийсэн, үүнээс цааш чи өөрөө амьдралаа авч явна” гэж хэлсэн нь түүнийг ирээдүйгээ ойлгоход ухааруулжээ.

Хэрвээ чи бусадтай адилхан байхыг хүсвэл хичээх хэрэгтэй юм байна, өөрөө ганцаараа бүхнийг хийж чадахгүй учраас хичээлдээ л хичээх ёстой юм байна гэх ухаарлыг аав нь түүнд ойлгуулсан хэмээн Ойдов бахархан ярилаа.

Тэр цагаас хойш бүх хичээлдээ сайн, онц дүн авч, 10 дугаар ангиа төгссөн байна. Ойдов 5-11 насандаа ОХУ-д эмчилгээ хийлгэж, 8 удаагийн хагалгаанд орсон бөгөөд тэндээ 4 дүгээр ангиа төгсөж, харин дараа нь Өмнөговь аймгийн 1 дүгээр арван жилийн сургуулийг дүүргэн улмаар МУИС-ийн “Олон улсын харилцаа”-ны ангийг төгссөн. Улмаар урилга авч, 2013 онд Швейцар улсад Олон улсын бизнесийн удирдлага мэргэжлээр суралцан боловсрол эзэмшжээ.

Ойдов өөрийнхөө амьдралыг ухамсарласан тэр л үеэ дурсан “Аав, ээж хоёрын маань миний төлөө юу хийсэн бэ гэдэг нь хамгийн сайн мэдрэгддэг байсан. Өөрийнхөө ирээдүйд өөрийн гэсэн хийж чадах зүйлтэй байя гэвэл боловсрол гэдгийг би ойлгосон.

Сургуульд байхад манай ангийн найзууд намайг байнга үүрч, дүүрч авч явдаг байлаа. Найзуудынхаа нөхөрлөлөөс юунаас ч би хоцроогүй, түүндээ үнэхээр баяртай байдаг. Гэхдээ энэ бас тийм ч амар байдаггүй. Найзуудынхаа тоглохыг хараад өдөржин суухдаа өлсөх, цангах, бие засмаар байх гэх мэт бэрхшээл байдаг байсан ч тэдэнтэйгээ хамт байгаа гэх мэдрэмж хамгийн сайхан байдаг. Найзууд маань надад тийм сайхан ханддаг байхад би ч бас чаддаг зүйлээрээ тусалдаг байлаа. Найзууддаа орос хэлээр ном уншиж өгч, найз нараа анхааралтай сонсож, хичээл номоо ойлгоход нь тусалдаг байсан. Их сургуульд байхад ч ангийн охидууд маань надад маш их тусалдаг байлаа.

Аав, ээж минь намайг амьдралд бэлтгэхийн тулд шаардлага өндөр тавьдаг байсны үр дүнд түүнийг биелүүлэхийн төлөө хичээдэг болдог. 5 настай бяцхан хүүхэд байхад оросоор ярьж сургахын тулд бүх зүйлийг оросоор хэлэхгүй л бол аав сонсдоггүй, хариулдаггүй байсны ачаар 6 сарын дотор оросоор чөлөөтэй ярьж сурсан.

Бусдаас дор байлгахгүй, өөрийн амьдралаа авч явж чаддаг болгох нь аавын  зорилго байсан. Аав, ээж хоёр минь намайг эрхлүүлэхээсээ илүү маш өндөр шаардлага тавьдаг, тэр хэрээрээ надад боломж олгосон хүмүүс юм. Түүний ачаар өнөөдөр би энд ингээд та бүхний өмнө зогсож байна.

Гэхдээ 21 настайдаа би найз охиноо хөтлөөд тусдаа амьдарна гэдгээ хэлчихээд гэрээсээ гарснаас хойш тэд маань надад нэг ч шаардлага тавьж байгаагүй. Гэр бүлтэй болсноор би хүн гэдгээ баталж, үнэ цэнээ мэдэрч явсан. Энэ бол миний амьдралаа ухамсарласан үе байсан” хэмээн ярьсан юм.  

Тэрээр залуучуудад хандан “хүн бүр бүрэн, бүтэн амьдралтай байхыг хичээгээрэй, бүрэн гэдэг нь хайр, үзэн ядалт, дурлал, гэр бүл, найз нөхөд, амжилт, зовлон, жаргал гээд хүний амьдралд байх ёстой бүх зүйл бүгд бүтнээрээ чамд байж байх ёстой.

Миний хувьд орос хэл бол унаган хэл, англи, герман хэлтэй. Залуучууд 3-4 хэлээр ярьж байж л өнөөгийн нийгэмд байр сууриа олж, үнэ цэнтэй сайхан амьдарна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусад хүмүүстэй адилхан өрсөлдөж байгаа бол түүнээс хоёр дахин илүү их зүйл хийж байж л үнэлэгддэг онцлогтой. Өөрөөр хэлбэл би өөрийнхөө хийсэн зүйлийг үнэлүүлж, ойлгуулж, батлах шаардлагатай гэсэн үг” юм гэлээ.

Тэрээр өөрийнхөө үнэ цэнийг харуулах олон ажлыг хийж хэрэгжүүлжээ. Нийтэд хүртээмжтэй пассив хаус барьсан нь Монголдоо анхных. Мөн Хөдөлмөр заслын талаар ярьж, хөөцөлдсөний үр дүнд 2012 онд АШУИС-д энэ мэргэжлээр анхны элсэгчдийг хүлээн авсан, мөн л анх удаа тавцант цахилгаан шатыг оруулж ирсэн гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд ойлгуулан таниулах зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлж яваа юм.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт өөрийнхөө хүссэнээр хөдөлж, хийх гэснээ хийж чадахгүй бэрхшээл байдаг. Гэхдээ ямар нэгэн зүйлд арга байдаг гэдгийг тэрээр ухаарсан, өөрөөр хэлбэл хүний гар харж, хэн нэгнээс гуйхаасаа илүү ямар нэг байдлаар өөрөө хийж сурах, тун чадахгүй бол хэнтэй ч байсан сайхан харьцаж тусламж авч чаддаг болох нь чухал гэдгийг тэрээр зөвлөсөн.

Мөн хүртээмжийг хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бодож биш, тэдний сурсан зүйлийг ашиглах, нийгэмд оролцуулахын тулд хүртээмжийг бий болгох ёстой, өөрөөр хэлбэл тэр хүмүүс бусдад хүндлүүлэх хэмжээнд хүртэл нь боломжийг олгохын тулд л хүртээмжийг хийж,  хөдөлмөрийн зах зээлд тэднийг оролцуулах хэрэгтэй гэдгийг тэрээр онцолж, олон жишээг дурдан тайлбарлалаа.

Ойдов цааш нь өөрийн эрхэлж байсан ажил, хамт олон, амжилт, сургамжаа хуваалцан, асуусан асуултад нээлттэй хариулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд дотно зөвлөгөө өгч урам хайрласанд уулзалтад оролцогчид баяртай байлаа. 




Related news