Хятад улсын шүүх хүний эрхийн хуульчид 7 жилийн хорих ял оноов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-05 13:38:10

ЛОНДОН. /Xinhua/. Хятад улсын шүүх хүний эрхийн хуульчийг төрд тэрсэлсэн үйл ажиллагаа явуулсан хэргээр долоон жилийн хорих ялаар пүрэв гарагт шийтгэжээ.

Хуульч Жоу Шифөнийг өнгөрсөн онд баривчилсан аж.

Жоу Шифөн бол орон нутгийн засаг захиргаанд өргөх бичиг барихад иргэдэд тусалдаг байсан Бээжингийн хуулийн фирмийн захирал юм.

Түүнийг 2011 оноос хойш удаа дараа интернэт болон бусад хэрэгслээр дамжуулан төрд тэрсэлсэн үйл ажиллагаа явуулсан гэж Хятад улсын хойд нутгийн Тяньжинь хотын шүүх үзжээ.

Мөн түүнийг ард иргэдийг турхиран нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулахыг оролдсон гэж шүүх үзсэн байна.

Хятадын холбогдох албаны хүмүүс өнгөрсөн онд хүний эрхийн 200 гаруй хуульч, өмгөөлөгчид, тэдний дотор Жоуг баривчлан байцаасан ажээ.

Энэ долоо хоногийн лхагва гарагт мөн хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Ху Шигенд 7 жил 6 сарын хорих ял оноосон юм.

Г.Доржханд

Related news