Энхийг сахиулагчдад хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-05-30 12:21:59
Хэнтий /МОНЦАМЭ/ Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Хэнтий аймгийн 40 алба хаагч байдаг бөгөөд тэдэнд хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагаа боллоо.
Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс эдгээр хүмүүсийн төлөөллүүдийг өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Цэргийн штабын дарга Хурандаа Н.Хүрэлээ нар хүлээн авч уулзлаа. Үүнд Н.Доржготтов, Ц.Төмөрбаатар, Ц.Жавхлантөгс, Д.Оюунбаатар, Б.Түвшинбаяр, Ө.Отгонбаяр, Д.Алтангэрэл, Баярбат, Шинэбат, хошууч С.Галбадрах нарт аймгийн Засаг даргын хүндэтгэл болон Хан Хэнтийн алдартан тэмдгээр шагнасан юм.
Энхийг сахиулах үйлсэд ихэвчлэн цэрэг, цагдаагийн тусгай албан хаагчид хамрагддаг бол манай аймгаас анх удаа энгийн албан хаагч буюу аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Д.Алтангэрэл эмнэлгийн бүлэгт багтаж оролцож байснаараа онцлогтой.
Цаашид энхийг сахиулагчдынхаа гавьяаг алдаршуулах, олон нийтэд сурталчлан таниулах, тэр дундаа ЕБС-ийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор уулзалт, ярилцлага зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо.
Монгол цэргийн батальон 120 мянган хүнтэй дэлхийн хамгийн том дүрвэгчдийн хуаранг хамгаалдаг.
“Энхийг дэмжих ажиллагаа” гэж олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох, түүний хор уршгийг арилгах зорилгоор НҮБ-ын дүрмийн дагуу аюулгүйн зөвлөлөөс гарсан шийдвэрээр НҮБ-ын, эсхүл бүс нутгийн холбогдох байгууллага, аливаа улсын удирдлага, зохион байгуулалтын дор явагдаж байгаа олон үндэстний үйл ажиллагааг хэлдэг.
Related news