АНУ Энэтхэгийн хамгийн том түнш болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-05-30 15:48:10

ШИНЭ ДЕЛИ. /Times of India/. АНУ Энэтхэгийн хувьд худалдааны хамгийн том түнш болж, Хятад улсыг ардаа орхилоо гэж тус улсын Худалдааны яам мэдээлжээ. 


Тус яамнаас мэдээлж буйгаар, 2021-2022 онд АНУ, Энэтхэгийн хоёр талын худалдааны эргэлт 119.42 тэрбум ам.доллар болсон байна. 2020-2021 онд энэ үзүүлэлт 80.51 тэрбум ам.доллар байжээ. Тэгвэл Хятадтай хийсэн Энэтхэгийн худалдааны хэмжээ 2020-2021 онд 86.4 тэрбум ам.доллар байсан бол 2021-2022 онд 115.42 тэрбум доллар болсон байна.


2021-2022 онд Энэтхэгээс АНУ-д хийсэн экспорт өмнөх санхүүгийн жилийн 51.62 тэрбум ам.доллароос 76.11 тэрбум ам.доллар болсон бол импорт 29 тэрбум ам.доллароос 43.31 тэрбум ам.долларт хүрч өсжээ.


Харин Энэтхэгээс Хятад руу гаргасан экспорт 2020-2021 оны 21.18 тэрбум ам.доллароос 21.25 тэрбум ам. доллар болж бага зэрэг нэмэгдсэн бол импорт мөн хугацаанд 65.21 тэрбум ам. доллараас 94.16 тэрбум ам. доллар болж өссөн байна.


Шинэ Дели, Вашингтон эдийн засгийн харилцаагаа улам бэхжүүлэхээр ажиллаж байгаа тул Энэтхэг, АНУ-ын худалдаа өсөх хандлага ирэх жилүүдэд ч ажиглагдана гэж худалдааны мэргэжилтнүүд үзэж байна. Энэтхэгээс АНУ руу эм тариа,  үнэт эдлэл, гаврын тос, нефтийн бүтээгдэхүүн, хөлдөөсөн сам хорхой, бэлэн хоол гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг голчлон экспортолдог бол АНУ-ын импортын гол бүтээгдэхүүнүүдэд газрын тос, боловсруулаагүй алмааз, шингэрүүлсэн байгалийн хий, алт, нүүрс, бүйлсийн самар зэрэг ордог байна.


2021-2022 оны эдийн засгийн жилд Энэтхэгтэй 72.9 тэрбум ам.долларын худалдаа хийсэн үзүүлэлтээр гуравдугаарт АНЭУ бичигдэж байна. Тус улсын дараа Саудын Араб (42.85 тэрбум ам.доллар), Ирак (34.33 тэрбум ам. доллар), Сингапур (30 тэрбум ам. доллар) оржээ.


Related news