Эрчим хүчний хөгжлийн төвийн ажлын баг Хэнтийд ажиллав

ОРОН НУТАГТ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-06-19 13:17:12
Хэнтий /МОНЦАМЭ/ Эрчим хүчний хөгжлийн төвийн ажлын баг Хэнтий аймагт ажиллав.
Энэ үеэр Тахилга, Бэрх тосгонд хийж буй шугам сүлжээний ажил, Бэрх тосгоны дулааны станцын барилга, аймгийн төвийн 2 дугаар хэлхээний шугам сүлжээний ажил буюу 1, 3, 9 дүгээр зуух болон Немодо тред ХХК-ийн халаадаг 4 дүгээр багийн зарим айлууд, 1 дүгээр сургуулийг халаах шугам сүлжээний ажил байдалтай танилцжээ. Дээрх ажлуудад Эрчим хүчний хөгжлийн төвөөс захиалагчийн хяналт тавьж байгаа бөгөөд энэ талаарх мэдээллээ аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханд танилцууллаа.
Хяналт тавих явцад шугам сүлжээний ажлууд, Бэрх тосгоны дулааны станцын ажил удаашралтай байгаа тул шуурхайлах, 1 дүгээр сургуулийн халаалтын шугам сүлжээний ажилд тооцоо зөрүү байгаа эсэхийг нягтлах зэрэг чиглэлүүдийг гүйцэтгэгч компаниудад өгсөн байна.
Аймаг орон нутгийн зүгээс энэ онд 5 суманд шинээр олгосон газруудад 0,4квт-ын шугам татах 650 сая төгрөгийн ажлын тендерийг шуурхай зарлаж, ажлыг эхлүүлэхийг ЭХЯ-нд уламжлах, мөн 3 дугаар багийн С78, С80 дугаар байрны хойд талын замыг дайруулж дулааны станцын 1 дүгээр хэлхээний шугам сүлжээ тавигдах тул энэхүү ажлыг 9 дүгээр сараас өмнө гүйцэтгэж дуусгах саналтай байгаагаа илэрхийллээ.
Цаашид Эрчим хүчний хөгжлийн төвөөс 14 хоног тутамд захиалагчийн хяналтын мэдээллээ аймагт хүргүүлж, харилцан уялдаатай ажиллахаар боллоо.
Related news