Он гарсаар Говь-Алтай аймагт 397 эх амаржжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар 397 эх амаржиж, 398 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 167 тохиолдлоор буурсан байна.
Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 95.5 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 215 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 126 тохиолдлоор буурсан ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 56.7 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.
Энэ оны эхний таван сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 419 эмэгтэй хамрагдсан ба 89,3 хувь нь эхний гурван сартайд, 10 хувь нь 4-6 сартайд орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай мэдээлэв.
Түүнчлэн мөн хугацаанд аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 4.5 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн. 2022 оны эхний таван сарын байдлаар аймгийн хэмжээнд 398 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 170 хүүхдээр буюу 29.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 217 буюу 54.5 хувь нь хүү, 181 буюу 45,5 хувь нь охин байгаа тухай ЭМГ-аас танилцууллаа.