Гэрээсээ төөрсөн 6 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-16 11:31:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 366 дугаар захирамжаар "Бяцхан үрсээ болзошгүй эрсдэлээс хамгаалъя" нэртэй 45 хоногийн аян зарласан.

Тус аян нь хүүхдүүдийг гол, нуурын усны болзошгүй осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой.

Аяны хүрээнд аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн нэгдсэн аялал зугаалга, хүлээн авалт, цайллага зохион байгуулахыг хориглосон.

Мөн хүн олноор цуглардаг, усанд ордог гол, нуурын эрэг дагуу эргүүл томилон ажиллуулж, иргэд явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж болзошгүй гүүр, гармуудад анхааруулах самбар байршуулж байна.

Цагдаа, онцгой байдлын алба хаагчид, сургууль, цэцэрлэгийн багш нар эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад голын эрэгт хараа хяналтгүй явж байсан 45 хүүхэд, голын эргийн аюултай бүсэд амарч, зугаалж явсан 105 иргэнд зөвлөгөө өгчээ. Түүнчлэн гэрээсээ төөрсөн 6 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэн бүр хариуцлагатай, хүүхэдтэйгээ ойр байх, зуны амралтын хугацаанд бага насны хүүхдээ харгалзах хүнтэй байлгахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. 

Related news