АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-06-16 12:23:02

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 1.5-1.7 хувь болгож, 75 суур нэгжээр нэмэгдүүллээ. 


Энэхүү шийдвэр нь ихэнх шинжээчийн таамаглаж байсантай таарч буй юм. 


Үүнээс гадна, ХНС АНУ-ын ДНБ-ий энэ оны өсөлтийн талаарх таамгаа 1.7 хувиас 2.8 хувь хүртэл өсгөж, 2023 оныхыг 2.2 хувиас 1.7 хувь болгон бууруулсан бол 2022 оны инфляцын таамгийг 4.3 хувиас 5.2 хувь болгон өсгөж, ирэх оныхыг 2.7 хувиас 2.6 хувь болгон бууруулсан байна. 


Түүнчлэн тавдугаар сард танилцуулсан төлөвлөгөөний дагуу балансад байгаа активаасаа ангижирна гэдгээ баталсан байна. Энэ ажиллагаа зургаадугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд эхний гурван сард активыг сард 47.5 тэрбум ам.доллараар бууруулахаар төлөвлөж байгаагийн 30 тэрбум нь улсын мөнгөн сангийн үнэт цаас, 17.5 тэрбум нь ипотекийн зээл юм. Үүний дараа активаас ангижрах үйл явцыг хоёр дахин хурдасгаж, сард 95 тэрбум ам.доллар болгох ёстой байна. 


ХНС бодлогын хүүг цаашид өсгөх нь зохистой гэдгийг тэмдэглэсэн байна. АНУ-ын Төв банк эдийн засагт хөдөлмөр эрхлэлтийн түвшин хамгийн дээд хэмжээнд хүрч, инфляцын түвшин урт хугацаанд хоёр хувьд хадгалагдана гэсэн тооцоололтой хэвээр байна. 


“Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хороо мөнгөний бодлогод тохирох байр суурийг сонгохдоо эдийн засгийн хэтийн төлөв байдалд ирж буй мэдээлэл хэрхэн нөлөөлж байгааг үргэлжлүүлэн ажиглана. Хорооны зорилгод эрсдэл үүсэх үед мөнгөний бодлогыг зохих ёсоор тохируулахад тус хороо бэлэн байна” гэж ХНС мэдээлжээ. 


АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ гурав дахь удаагаа өсгөж байгаа бөгөөд 1994 оны 11 дүгээр сараас хойш анх удаагаа 75 нэгжээр нэмэгдүүлсэн байна. 


Related news