Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын инфляц сүүлийн 24 жилийн хамгийн дээд түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-07-05 10:41:19

СӨҮЛ. /Yonhap/. Өнгөрсөн сард БНСУ-д инфляцын түвшин өнгөрсөн оны зургаадугаар сартай харьцуулахад 6 хувьд хүрсэн нь 1998 оны 11 дүгээр сараас хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо гэж тус улсын Үндэсний статистикийн газар мэдээллээ.


Энэ оны тавдугаар сард хэрэглээний үнийн өсөлт 5.4 хувь байсан байна. 1998 оны 11 дүгээр сард инфляц 6.8 хувьд хүрч байжээ. 


Өмнөх сартай харьцуулахад цахилгаан эрчим хүчний үнэ 0.1 хувь, хий болон бусад төрлийн түлшний үнэ 2.9 хувиар өссөн байна.


Хүнс, шатахууны үнийг тооцохгүйгээр суурь инфляц зургаадугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 хувиар өсжээ.

Хэрэв өсөлт энэ хэвээр үргэлжилбэл жилийн инфляц Өмнөд Солонгосын Сангийн яамны таамаглаж байснаас давна гэж шинжээчид үзэж байна. Тус улсын Сангийн яам жилийн инфляцыг 4.7 хувьтай байна гэж таамаглажээ. 

Related news